Хөвсгөл аймгийн уралдаануудын тов гарлаа

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 29 -нд

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Монголын хурдан морины уралдааны дүрмийн 1.1, 1.14 дэх заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Хурдан морины уралдаан товлон зарлах, зохион байгуулах тухай 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоол гарлаа. Уг тогтоолд:
1.  “Дэлтэй цэнхэр” МСУХ, Их-Уул, Тариалан, Төмөрбулаг сумдаас ирсэн хүсэлтийг үндэслэн 2015 оны уламжлалт аймгийн бүсийн хаврын уралдааныг /дээд гурван нас/ билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн сумын нутагт Их-Уул сумын ЗДТГ, “Их-Уулын хүлэг” МСУХ зохион байгуулах, зүүн бүсийн уралдааныг шинийн 15-нд Тариалан суманд, “Шилдэг хүлэг” бага гурван насны уралдааныг 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр Мөрөн суманд аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр зохион байгуулахыг “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүлэгчдэд даалгасугай.
2. Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан “Идэрийн хурд” уралдааныг аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр 2015 оны долдугаар сард зохион байгуулахыг Төмөрбулаг сумын Засаг дарга Б.Ганзориг, тус сумын МСУХ-ын тэргүүн Б.Энхжаргал нарт үүрэг болгосугай.
3. Аймгийн бүсийн уралдаануудыг уяачид болон уралдаанч хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд аливаа хураамж, бооцоо авахгүй зохион байгуулахыг Мөрөн сумын Засаг дарга /Ц.Гансүх/, Их-Уул сумын Засаг дарга /Б.Мянганбаяр/, Тариалан сумын Засаг дарга /Ц.Хөвсгөлдалай/, аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, сумдын салбар холбооны тэргүүн нарт үүрэг болгосугай.
4. Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /С.Цогтоо/-д үүрэг болгосугай гэжээ.
"Дэлтэй цэнхэр" МСУХ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна