Хонь жилийн босгон дээр мэндлэх шинэхэн цолтнууд

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 17 -нд

XVII жарны модон хонь жилийн сар шинийн босгон дээр төрийн хишиг хүртэх уяачдын нэрс тодорлоо. Морь уях төрийн хэрэгт шимтэн, монгол түмнээ цэнгүүлэх үйлст өндөр амжилт үзүүлсэн нэр бүхий 27 эрхэм Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны эзэн болох нь. Ингээд шинэхэн цолтнуудыг товч танилцуулъя.
Тод манлай уяач цолоор:
Дээд цолтон буюу Тод манлай уяачид гурван гишүүнээр бүл нэмж 25-уулаа болох нь. 
Банзрагчийн Билэгдэмбэрэл
2000 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, улс, бүсийн наадмаас 24 айраг, түрүү хүртсэн  Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн эрэмбэ  дээшилнэ. Сүүлийн 2-3 жил Тод манлайн таамагт багтаж байсан Лүн сумын хүү ийнхүү хонин жилийн босгон дээр цолоо ахиулах нь. Монгол адууны хурдлах чадварыг нэмэгдүүлж, сайжруулахад олон жилийн хөдөлмөрөө зориулж, өөрийн гэсэн удмын  адууг бий болгон, унаган адуунууд нь улсын бүсийн наадамд цахиур хагалан хурдалж буй тэрээр энэ ондоо багтаан дээрх сэдвээрээ докторын зэрэг хамгаалах гэнэ лээ.
Батчулууны Мөнхтөр
Алс баруун хязгаар Ховд нутгаас анхны Тод манлай уяач төрж буйг дуулгахад таатай байна.1992 оноос уяачийнхаа гарааг эхэлсэн Дарви сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Батчулууны Мөнхтөр улс, бүсийн наадмаас дөрвөн түрүү, 21 айраг хүртсэн амжилтаар Тод манлай уяач цолны  болзлыг хангаад байгаа юм.Түвдэн Манлайгаар хөтлүүлэн уяачдын их өргөөний  босгыг алхсан Аварга хээр, Таван цагааны эзэн ийнхүү 23 жилийн дараа дээд цолтон болох нь.
Чимиддоржийн Ганзориг
Тод манлай уяач цолтны эгнээнд нэгдэж буй дараагийн эрхэм бол Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Чимиддоржийн Ганзориг юм. 2000 оноос эхлэн хурдан хүлгийнхээ хиймориор монгол наадмаа чимж буй аав хүү хоёр сүүлийн зургаан жилийн турш амжилттай наадан улс бүсийн наадмаас 30-аад айраг түрүү хүртээд байгаагийн  дөрөв нь  төрийн наадмын түрүү билээ. Болзол нь биелсэн ч яарахгүй байгаа хэмээдэг байсан тэрээр ийнхүү Алдарт, Манлай цолоо алгасан Тод манлай хэмээн цоллуулахаар боллоо.
Манлай уяач цолоор:
Гончигийн Содном
Монголын хурдны гол цөм булгын эх усны ундарга болсон Хан Хэнтий аймгаас олон жилийн дараа шинэхэн цолтон төрж буй нь Батширээт сумын уугуул Гончигийн Содном юм. 1977 оноос морь уях төрийн хэрэгт шимтэж буй хурдан хүрэнүүдийн эзэн  хоёр жилийн өмнө Алтангадас одонгоор энгэрээ мялааж байсан бол хонь жилийн босгон дээр цолоо ахиулж, Хэнтий аймгаас төрсөн хоёр дахь Манлай уяач болох нь.
Туваанжавын Гантөмөр
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Туваанжавын Гантөмөр  морин жилийн уралдаануудад од хийморь дүүрэн наадаж, хоёр түрүү гурван айраг хүртэн Манлай уяач цолны болзлыг дүүрэн хангасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж буй тэрээр 2013 онд Алдарт уяач болж байсан билээ.
Бичээрэйн Далай 
Улс бүсийн наадмаас зургаан түрүү, есөн айраг хүртээд буй Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Алдарт Бичээрэйн Далай хонь жилийн сар шинийн босгон дээр Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болж, уугуул нутгийн түмнийхээ магнайг тэнийлгэх нь.Тэрээр өнөө жил төрийн наадам болон төвийн бүсийн уралдаанд хээр даагаа тус тус түрүүлгэсэн билээ.
Буднямын Буяннэмэх
Дараагийн Манлай уяач цолтон бол Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд хээр халзан морь айргийн тавд хурдлуулсан Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэх.“Унаган хурд” галын гишүүн  хурдан хүлгийн хийморьт сүсэглэснээс хойш улс, бүсийн наадмаас гурван түрүү, арван айраг хүртээд буй юм.
Намдагийн Хүрлээ
Алдарт Яруу саарлын эзэн Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ аргамаг хүлгийн уяа тааруулсан арван жилийнхээ ойн босгон дээр Манлай уяач болох нь ээ. “Дорнын унага” галын гишүүн өнгөрсөн арван жилийн хугацаанд улс, бүсийн наадмаас гурван түрүү, арван айраг хүртээд буй юм. 
Намжилцэрэнгийн Даш-Өлзий
Хутагт хувилгаадын өлгий Завхан нутгийн унаган хүү жил дараалан цолоо ахиулж, элгэн түмнийхээ магнайг тэнийлгэх нь. 2014 оны улс бүсийн наадмуудаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн тэрээр 1995 оноос уяачийн гараагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс бүсийн наадмаас гурван түрүү, арван айраг хүртээд буй юм.
Ононгийн Батбилэг
2014 оны амжилтаараа Монголын уяачдыг тэргүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач  Ононгийн хүү Батбилэг Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болох нь. 2014 оны баяр  наадмуудаас хүний өөрийн нийлсэн хоёр түрүү,есөн айраг хүртсэн тэрээр морь уясан цагаасаа эхлэн  дөрвөн түрүү, 18 айраг авчээ. 
Монгол Улсын Алдарт уяач цолоор:
Цэлхээгийн Бямбасүрэн
Монгол төрийн  наадамд унаган хүрэн азаргаа хоёронтоо айрагдуулсан  дөрвөн үеийн удамт уяач Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Цэлхээгийн Бямбасүрэн XVII жарны модон хонь жилийн сар шинийн босгон дээр аавынхаа цолонд хүрч МУ-ын Алдарт уяач хэмээн цоллогдохоор боллоо.
Бат-Очирын Цэрэнбалтав
АХ-ын 93 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд хул шүдлэнгээ түрүүлгэсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав улсын цолтны эгнээнд эрэмбэлэгдэхээр боллоо. Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй “Ажнай шарга” галын гишүүн улс бүсийн наадмаас хоёр түрүү, долоон айраг хүртэн МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж буй юм.
Дагвын Цогтбаяр
“Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд хүрэн азаргаа айргийн тавд хурдлуулсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дагвын Цогтбаяр сар шинийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болох нь. 1981 оноос эхлэн хурдан морь уяж сойх үйлст шамдаж буй тэрээр өнгөрсөн хугацаанд бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртжээ.
Рагчаагийн Баатархүү  
Галдaн бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд хээр морио түрүүлгэж, дунд насны ангилалд хээр үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү төрийн хишиг хүртэхээр болжээ. Морь уях төрийн их хэрэгт шамдсан 25 жилийн хугацаандаа төрийн наадамд их морь түрүүлгэн улс, бүсийн наадмаас дөрвөн түрүү, долоон айраг хүртсэн тэрээр Ховд аймгийн улсын цолтнуудын тоог нэгээр нэмж, нутгийн түмнээ баясгах нь.
Төмөрбаатарын Галбадрах
Морин жилийн өнгө тольдох хаврын бүсийн “Дүнжингаравын хурд-2014” уралдаанд зээрд азаргаа айргийн таваар хурдлуулж, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд хүрэн үрээ айрагдуулсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах МУ-ын Алдарт уяач цол хүртэхээр боллоо. “Дорнын унага” галыг үүсгэн байгуулагч тэрээр морь уясан цагаас хойш улс, бүсийн наадмаас хоёр түрүү, арван айраг хүртээд буй аж.
Лувсантарваагийн Бямбаноров
Алдарт хар морины эзэн Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантарваагийн Бямбаноров хонин жилийн сар шинийн босгон дээр улсын Алдарт уяач цолыг хүртэхээр болжээ. “Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаан болон АХ-ын 87 жилийн ойн баяр наадмуудад хурдан хар морио түрүүлгэн түмэн эхээр цоллуулж байсан тэрээр төрийн зарлигт наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртжээ. 
Даваахүүгийн Баянбат
20-р зууны Манлай уяач, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Данзаннямын Даваахүүгийн хүү  Д.Баянбат  улсын Алдарт уяачийн болзол хангажээ. АХ –ын 93 жилийн ой төрийн их баяр цэнгэл наадамд Наран хонгор азаргаа түрүүлгэж, Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн бахдам түүхийн эзэн болсон тэрээр улс, бүсийн наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртээд буй аж.  
Пунцагбалжирын Энхмөнх
ММСУХ-г үүсгэн байгуулж, Монголын хурдан морины шинэ түүхийн эхлэлийг тавилцсан Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх улсын Алдартуудын тоог нэгээр нэмэх нь.1994 оны улсын наадамд хар хязаалангаа түрүүлгэн амжилтын гараагаа эхэлж байсан тэрээр улс, бүсийн наадмаас долоон түрүү, арван айраг хүртсэн байна.
Дамбын Баяраа
Моринд хайртай монгол түмнээ цэнгүүлэн төрд адислагдаж буй дараагийн эрхэм бол Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул уяач Дамбын Баяраа юм. Хонгор  нутгийн түмнийхээ хийморийг өргөн уясан хүлгэдээ хурдлуулдаг тэрээр шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд хонгор азаргаа айргийн дөрөвт давхиулж, төвийн бүсийн уралдаанд түрүүлгэж байсан билээ.
Бат-Очирын Цэндбаатар 
2014 оны ММСУХ-ны шилдэг гал “Дорнын унага”-ын  таван гишүүн нэг дор цол авч буйг зориуд тэмдэглэхийг хүсч байна.Тэдний нэг нь  Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар юм. Тугал ухаа азаргаараа  олонд танигдсан тэрээр монгол төрийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн Улс халзан азарганы уяа сойлгыг тааруулдаг билээ. 
Түвдэнжаажидын Батзориг
Дорнодын уудам тал нутгаас нэг дор  улсын Алдарт уяач цолтон хоёр төрж буйгийн нэг нь Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм. АХ-ын 93 жилийн ой улсын баяр наадамд хээр хязаалангаа түрүүлгэж, бор үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан тэрээр нутагтаа болсон зүүн бүсийн уралдаанаас хоёр түрүү,хоёр айраг хүртэн ММСУХ-ны оны шилдэг есөн уяачийн нэгээр шалгарсан билээ.
Сэрээгийн Шинэбаатар
Жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд хээр морио айргийн таваар хурдлуулж, морин жилийн өмөө нээсэн Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар  төвийн   бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэн улсын Алдарт уяачийн болзлоо хангажээ. Тэрээр морь уясан цагаас хойш улс, бүсийн чанартай наадмаас хоёр түрүү, зургаан айраг хүртээд буй юм. 
Анандын Ариунсайхан
Хонь жилийн босгон дээр улсын Алдарт уяач цолны эзэн болж буй дараагий эрхэм бол Хөөрхөн зээрд азаргаа дөрвөн жил дараалуулан улсын наадамд түрүүлгэж буй Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Анандын Ариунсайхан юм. Говь-Алтай аймгийн Жаргалант сумаар овоглон  цоллуулдаг тэрээр одоогийн байдлаар улс, бүсийн наадмаас зургаан түрүү, дөрвөн айраг хүртээд байгаа юм.
Искрагийн Золбоо
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд хүрэн соёолон аман хүзүүнд хурдлуулсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот хонгор нутгаас төрөх дараагийн Алдарт уяач болж байна. 2006 оны баруун бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг хүртэн шуугиулж асан тэрээр  төрийн зарлигт наадмаас гурван түрүү, гурван айраг хүртжээ.
Сумъяасүрэнгийн Ганбаатар
Тод манлай уяач олноо Бандгаа хэмээн алдаршсан С.Ганхуягийн хоёр дүү жил дараалан улсын цолонд хүрч байна. Өнгөрсөн жил “Их салхин” галын уяач С.Ганзориг МУ-ын Алдарт уяач цолны эзэн болсон бол өнөө жил “Дорнын унага” галын гишүүн С.Ганбаатар төрийн хишиг хүртэж, энэ бүлийн гурав дахь улсын цолтой уяач болох нь ээ.
Сундуйн Лувсанбалдан
Улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртээд буй Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан адуутай нөхөрлөсөн он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж улсын Алдарт уяачийн малгай өмсөх эрхтэй боллоо. Тэрээр 2014 оны улсын наадамд халтар морио айргийн гуравт хурдлуулж, давхар уяагаар “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхиулжээ.

Ширнинбандийн Адьшаа
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнинбандийн Адьшаа хонь жилийн босгон МУ-ын Алдарт уяач цолыг хүртэхнь. Түүний хонгор соёолон шүдлэндээ  дөрвөн их түүхт ой давхацсан 2011 оны төрийн их баяр наадамд түрүүлэн түмэн эхээ дуудуулж байсан бол АХ-ын 92 жилийн ойн их баяр наадамд аргагүй хурдан буян болохоо дахин харуулсан билээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна