"Сэцэн ханы хүлэг" МСУХ-ны баярын хурлаас...

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 23 -нд

XVII жарны Хөхөгчин хонь жилийн босгон дээр буюу хоёрдугаар сарын 15-нд Чингис хотноо Хэнтий аймгийн "Сэцэн ханы хүлэг" МСУХ-ны баярын хурал боллоо. Тус баярын хуралд “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны удирдлагуудаас гадна Хэрлэн, Бор-Өндөр, Биндэр, Мөрөн, Өлзийт, Хурх, Баянхутаг, Галшар, Баянмөнх, Батноров, Баян-Адарга зэрэг сумдын уяачдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Хурлыг “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн Батжаргал нээн үг хэлж, өнгөрөгч оны ажлаа дүгнэн, ирж буй онд хийж хэрэгжүүлэх зорилтот ажлаа танилцуулсан. Мөн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж н.Дарьхүү /Хэрлэн/, Т.Ганболд /Баянмөнх/, Н.Алтангэрэл /Биндэр/, Б.Батцагаан /Дадал/, Л.Гомбодорж /Бор-Өндөр/ нар тэргүүлэгчээр сонгогдсоныг дуулгана лээ.
Дараа нь шагнал гардуулах үйл ажиллагаа эхэлж, тухайлбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Загдын Хүрэлбаатарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан юм. Тэрээр Баянхутаг сумаас төрсөн хоёр дахь МУ-ын Алдарт уяач бөгөөд энэ эрхэм цолыг 1996 онд хүртжээ.
Түүнчлэн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн Т.Батжаргал, нарийн бичгийн дарга Н.Алтантөгс, тэргүүлэгчид Д.Баярхүү, Д.Цолмон, н.Лхагвасүрэн нарыг Хэнтий аймгийн хүндэт медалиар шагнасныг гардуулж баяр хүргэсэн.
Монголын хурдны өлгий нутаг Хан Хэнтийгээс шинээр тодорсон аймгийн Алдарт уяачдыг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ өдөр Б.Алтанхуяг /Батноров/, Д.Лхамсүрэн, Л.Галбадрах, Х.Буянхишиг /Мөрөн/, С.Мөнх-Эрдэнэ, Р.Жаргалсайхан, Н.Батдорж /Баянхутаг/, Д.Эрдэнэхуяг /Баян-Овоо/, Ц.Базарсад /Биндэр/, С.Мөнхбат /Бор-Өндөр/, н.Цэвээндорж /Батширээт/, Д.Жалбаа, Д.Мижиддорж, С.Батзаяа /Баянмөнх/, У.Оюунгэрэл /Дэлгэрхаан/, Ж.Энхбаатар /Хэрлэн/, н.Амарбат /Галшар/, Л.Амаржаргал /Хурх/, Ц.Зоригт /Батноров/, Н.Магсар /Цэнхэрмандал/, П.Доржпүрэв /Дэлгэрхаан/ нарын 21 шинэ Алдарт цол тэмдгээ гардаж авсны зэрэгцээ холбооны удирдлагууд ахмад уяачдадаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна