2014 оны улсын шилдэг гал-Дорнын унага

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 27 -нд

2014 он буюу морин жилийн улсын шилдэг гал уяагаар улс, бүсийн наадмаас долоон түрүү, 16 айраг хүртсэн  “Дорнын унага” галынхан шалгарсан. Дорнын уудам талд хурдан адуу тааваараа өсч, үржихийг бэлгэдсэн тус гал уяа 2008 онд үүсгэн байгуулагдаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуулТөмөрбаатарын Галбадрах тэргүүлэн, тухайн үедээ Манлай уяач цолтой байсан С.Ганхуяг зөвлөж, Т.Батзориг, Б.Цэндбаатар нарын энэ цагийн эрдэмт уяачид хүлгийг хурдыг ирлэх болсон билээ. Тэр жилээ буюу 2008 оны улсын баяр наадамд Б.Цэндбаатар Тугал ухаа азаргаа хязаалан түрүүлгэж, П.Энхмөнхийн хул хязаалан айргийн гуравт хурдлан, С.Ганхуягийн ногоон шүдлэн түрүүлж, П.Энхмөнхийн хонгор халзан даага аман хүзүүдэн, Т.Галбадрахын хүрэн халзан даага гурвалж, С.Нэргүйбаатарын саарал даага айргийн дөрөвт хурдалж  амжилтын өмөө нээж байсныг хурдан морь сонирхогчид тодхон санаж буй бизээ. Энэ цагаас хойш  “Дорнын унага”-чууд  аль ч газрын наадамд очсон ганзага дүүрэн, амжилт арвин наадах болсон бөгөөд зөвлөх уяач С.Ганхуяг нь дээд цолтны эгнээнд эрэмбэлэгдэж, Б.Цэндбаатар уяач АХ-ын 91, 92 жилийн ойн баяр наадам болон шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд Улс халзан азаргаа түрүүлгэсэн нь монголын хурдан морины түүхэнд дурсагдан яригдах бахдалт үйл явдлуудын нэг болж үлджээ.Ийнхүү  төр түмнээ цэнгүүлэх үйлст хүчин зүтгэсээр ирсэн тус гал хонь жилийн сар шинийн босгон дээр улсын шилдгээр шалгарч, түүн дээр нь нэг дор зургаан цолтон мэндэлсэн баяр давхцлаа. Дашрамд сонирхуулахад нэг гал уяанаас ийн олон цолтон нэг дор мэндэлсэн тохиол байгаагүй, үүгээрээ “Дорнын унага”-чууд Монголын хурдан морины түүхэнд бас нэгэн шинэ амжилтыг тогтоож буй юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна