Наадмын уяа эхлэхээс өмнө анхаарлаа хандуулаарай

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 16 -нд

Эрхэм уяачид та бүхэн сайхан хаваржицгааж байна уу? Дараа жилийн наадам даанч хол байна даа хэмээн санааширч байсан цаг ард үлдэж, гуравхан сарын дараа дэлхийд ганцхан дэлгэр Монголын минь их цэнгэл айлчлан ирэх нь. Төр түмнийхээ цэнгэлд уясан хүлгээ хурдлуулан урам нэмдэг эрхэм уяачид та бүхэндээ энэ удаа нэг төрлийн өвчний талаар бус харин наадамд уях хурдан морьдынхоо эрүүл мэндэд хэрхэн анхаарал тавих талаар зөвлөхөөр шийдлээ.
Манай ихэнх уяачид морь уях явцад адуунд тохиолдох эмгэгүүдээс  хөл, ходоод гэдэс, ил шарх сорви зэрэг цөөн тооны эмгэгт л ач холбогдол өгдөг. Гэтэл амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн систем
-Бөөр давсаг
-Мэдрэл
-Дотоод шүүрэл
-Нүд
-Шүд
-Арьс, үс гээд бүхий эрхтний  тогтолцоонд ямар нэг байдлаар эмгэг процесс явагдаж байх магадлалтай. Тиймээс  энэ бүхнийг тооцон наадамд уях морьдоо барьж сойхоос өмнө буюу өдийд хурдан хүлгийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулан ажиглаад үзээрэй.
 Таван сард ногоонд гаргахдаа /Гадна болон дотор паразитын эсрэг бэлдмэлийг уулгах хэрэгтэй/ Ecomeeting, Ecomentic-100, ивомелтыр гэх мэт туулгуудыг уулгаж болно/
 Адуунд элбэг тохиолдох дараагийн эмгэг бол амьсгалын замынх:
-Ханиад
-Хатгалгаа
- Мөгөөрсөн хоолойн үрэвсэл
- Уушигний идээт үрэвсэл
- Тэжээлийн тоосонцорын үрэвсэл зэрэг эмгэгүүд байгаа эсэхийг оношлуулж, тохирсон эмчилгээг хийлгэх.
Дараагийн элбэг тохиолддог эмгэг бол  хоол боловсруулах эрхтэн тогтолцооны буюу амны хөндийн үрэвсэл, шүд, буйлны үрэвсэл, ходоодны үрэвсэл гэх мэт.
Манай орны нөхцөлд уягдаж байгаа хурдан моринд ходоодны шарх үүсэх магадлал элбэг байдаг. Үүний үндсэн шалтгаан нь :
-Уяж хонох
-Шороо идэх
-Өвс болон тэжээл нь шороотой байх
Хоол боловсруулах замын эмгэгтэй адуунд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
-Нарийсах
-Үс өнгөө алдаж цоохортох
-Тэжээлдээ дургүй болох
-Турах
-Хүндэрсэн тохиолдолд гэдэс, хэвлийгээ өшиглөх гэх мэт.
Мөн хурдны моринд элбэг тохиолдох бөгөөд хамгийн хор уршигтай анхаарах ёстой эрхтэн систем бол зүрх судасны тогтолцоо юм.  Уяач таны  хурдан хүлэг ямар нэг байдлаар зүрхний эмгэгтэй болсон бол уралдах боломжгүй, уралдлаа ч амжилт үзүүлэх магадлал буурдаг . Тиймээс энэ төрлийн эмгэгийг нэн даруй эмчлүүлэх шаардлагатай. Зүрх, судасны тогтолцоонд эмгэг гарсан үед
-Тогтворгүй болох
-Илт хөлрөх
-Амьсгаадах
-Дэлсэх
-Чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэхүү шинж, тэмдгүүд илэрч байгаа бол нэн даруй эмчид хандаж, зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Манай ихэнх уяачид наадам дөхсөн үед өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх нь элбэг бөгөөд энэ нь үр дүн муутай, цаашлаад үлдэх хор нөлөө ихтэй байдаг.  Тиймээс эрхэм  уяачид та бүхэн энэ цаг үеэс хурдан хүлгийнхээ эрүүл мэндэд санаа тавин эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Уяа эвлэг, морь хурдан байх болутгай.
“Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна