Сайн хүлгийг сайхан эмээл, хазаар чимдэг

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 01 -нд

Үндэсний үйлдвэрлэлээ хөхиүлэн дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” булангийн энэ удаагийн зочноор  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, мэргэжлийн дизайнер уригдсан юм. Аливааг өөрийн гараар урлаж, тэндээсээ кайф авах дуртай гэж ярих хөдөлмөрч  эрхэм болоод  түүний хамт олны сонирхолтой “урлангийн” хөтөч бид байх болно. Олон жилийн тооцоо судалгааны үндсэн дээр уламжлал, шинэчлэлийг хослуулсан “Монголд үйлдвэрлэв” хаяг бүхий олом жирэмнээс эхлээд эмээл, хазаар, ачааны чингэлэг бүгд л уран гартай, бурхан ухаантай дархчуулын сэтгэл зүтгэл шингэжээ.  Тиймдээ ч эдний хамт олон хэрэглэгчдэдээ насан туршийн эдэлгээ, чанар бас дахин чанарыг нүүр бардам амлах юм билээ.
Оршлын оронд
Түүхийн жимээр довтолгон, довтолгон өнөөг хүрсэн үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг адуу  түүнийг дагасан соёл билээ. Үүнийг өвлөн авч, улмаар ирээдүйн хөх толбот хөвгүүдэд өвлүүлэхсэн гэсэн хүслээр санаа нийлсэн нөхдүүд  “Их асрахуй” ТББ-ыг байгуулж байжээ. Ийнхүү хийморь далласан хүлэг морьдтой холбогдсон тэдний түүх эхэлдэг юм билээ.
Монгол орны дөрвөн зүг найман зовхист хүлгийн жолоо залан явахдаа гэрийн бүслүүр, ойр зуурын оосорны зориулалттай хамгийн хямд материалаар өнөө хамгийн бат бөх байх ёстой хазаар ногт, чөдрөө малчид хийсэн байхыг хараад тэр нэгийг боджээ. Хуучин цагийн чанар чансаа илтгэх үхрийн ширээр хийсэн гурамсан чөдөр, хоймсон чөдрийн тухай бараг л түүх болон үлдэж мэдэхээр цаг үеийн өмнө ирчихсэн ч юм шиг. Ингээд өнөөдөр адууны эдлэл хэрэглэл хийж болох хамгийн сайн материалын эрэлд гарч, их ч судалсны үндсэн дээр үхрийн ширний гайхамшгийг үгүйсгэх аргагүйг илүүтэй мэдэрсэн гэлтэй. Түүхийн сурвалжуудад төв азид суурьших болсон монголчууд адууг гаршуулан тэжээх болсноосоо эхлэн эдлэл хэрэглэлээ өөрсдөө хийж амьдрал ахуйдаа ашиглаж ирснийг олонтаа тэмдэглэсэн байх нь бий. Дайны, тулааны бэрх цагт гарын ая даах, эдэлгээ уртыг тооцон хамгийн сайн ширээр хазаар ногтоо зэхэж, өөрсдөө хийх аргачлал, технологио гаргаж байв. Харин энэ уламжлалт технологи шинэ эриний эрчимтэй хөгжлийн “хөлд” гээгдэх дөхсөнийг сэргээх цаг болсныг залуус харсан хэрэг л дээ. Гэхдээ өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд явж ирсэн уламжлалт технологийг үйлдвэрлэлийн өөр түвшинд явуулах хэрэгтэй хэмээүзэж. Социализмын үед шар ширний үйлдвэрт сур боловсруулж байсан ч зах зээлийн шуурганаар орхигдсон удаатай. Ингээд уламжлал,  шинэчлэлийг хослуулсан шинэ технологийг боловсруулж, үйлдвэрлэл явуулах болсноор өдгөө дөрөв жилийг ардаа орхижээ. Өөрөөр хэлбэл сураа хийх явцад уртасгах, зөөлрүүлэхэд уламжлалт аргыг ашиглах бол боловсруулалтыг үйлдвэрийн аргаар хийж эхэлсэн байна.
Шинэ цагын зуузай, чөдөр
Үйлдвэрийн аргаар гаргаж авсан суран эдлэл уламжлалт аргаар хийснээс илүү бат бөх болохыг үйлдвэрлэгчид  ярьж байна. Нууц нь идээлдэг арга өөр байгаад оршино гэнэ. “Жорыг” сонирхвол, үхрийн арьснаас үсийг нь авчихаад, зүсэж идээлүүлээд зориулалтын тосоор тосолж зөөллөдөг ажээ. Өнөөдөр манай зах зээлд хоёр хөршийн шошго бүхий энэ төрлийн бүтээгдэхүүнүүд их орж ирж байгаа ч технологийн хувьд дулимаг болохыг мэргэжлийнхэн ярьдаг юм. Магадгүй өөриймсөх сэтгэлгээ арай дутууддаг гээд хэлчихэж болмоор ч юм шиг. Өөрөөр хэлбэл монгол хүн монгол ахуйдаа хэрэглэх учраас “жаргал зовлонгоо” илүү мэдэрч, түүндээ зохицуулан хийсээр ирсэн гэх үү дээ. Улмаар цаг хугацааны урсгалд өөрчлөгдөн, амьдралд илүү ойр дөт болгох үүднээс шинэ жижиг деталиуд ч гарах болж. Жишээ нь эдний үйлдвэрлэсэн амгааны зуузайн дээрээ уулзаж байгаа хоёр цагираг битүү байх аж. Энэ тухайгаа “Эдэлгээний явцад төмөр уяраад тасарч, хугардаг. Үүнээс болоод морь унаж байгаа хүний аюулгүй байдалд нөлөөлөх нь олонтаа. Тэгэхээр аюулгүй бөгөөд чанарын үүднээс анхаарч байна” гэлээ. Чөдрийн хувьд ч ялгаагүй таван см хэртэй мод зороод тээг хийчихдэг байсныг хугардаггүй, тасардаггүй материалаар өөрчилжээ. Сүүлийн үед харин захиалгаар гинжин сумтай чөдрийг хийж байгаа юм байна. Мэдээж 100 хувийн чанарын баталгааг ч амлана лээ. Энэ мэтчилэн шинэ технологи, шинэ санаа өдрөөс өдөрт урган гарч, малчдын хэрэглээ болсоор л.
Сонирхолтой түүхий эд
Ноосон жолоо – өвлийн цагт хамгийн таатай хэрэглээ. Барьж явахад эвтэй, зөөлөн дулаахан гээд олон давуу талтай. Энд сонирхуулахад хуучны домогт орсон буурны зогдороор хурдан морины жолоо хийдэг. Ингэснээр гараанаас гарч буй морь орсон буурын төрхтэй харагддаг тухай өгүүлдэг гэнэ. Домгийн чанартай энэ түүхээс үүдээд орсон буурын зогдороор жолоо хийлгэх захиалгыг ч ирүүлдэг байна. Мэдээж орсон буурын зогдорыг нь хайчилна гэдэг тун амаргүй ажил ч хэрэглэгч бол “Хаан” тул биелүүлэх л учиртай гэлцэнэ.
Сайн хүлгийг сайхан эмээл, хазаар чимдэг
Өдөр тутмын хэрэглээний тохооны эмээлээс эхлээд жуулчны болон морин спорт, морин аяллын зориулалт бүхий олон эмээл “Монголд үйлдвэрлэв” шошготой эндээс гарч байна. Мэдээж дор бүрнээ өөрийн онцлогтой. Хурдан морины эмээл хөнгөн шингэн байх бол аяны эмээлийн суудал аль болох тав тухыг хангасан байх жишээний. Энэ бүхнийг тухайн захиалагчтайгаа ярилцсаны үндсэн дээр зургийг нь гаргаж хийнэ.
Ийнхүү олон жилийн нарийн судалгаан дээр суурилж, уламжлал шинэчлэлийг хослуулсан нэрийн бүтээгдэхүүн  эмээл нь хэдийнэ хэрэглэгчдийн танил болж амжжээ. Арав бүүр 20 жилийн баталгааны хуудас бүхий шинэ цагийн эмээл нь англи, монгол, орос эмээлийн давуу талуудыг нэгтгэсэн гэх агаад төмөр бүүрэгтэй болж. Энэ нь өнөө л чанарыг илтгэх мэт. Түүнчлэн модон эмээлээс жингийн хувьд ч хөнгөн гэнэ. Бас үхрийн ширээр хийсэн гоёл чимэглэлүүд донж нэмнэ гэж байгаа. Орчин үеийн англи, арабчуудын саяар тоологдох үнэ бүхий эмээлийн технологийг Монгол хөрснөө буулгахын төлөө хичээн ажиллаж байгаагаа сонирхууллаа. Эдний эмээл, олом, жирэм, дөрөөтэйгээ 600 мянгад багтдаг гэдгийг уяачид, малчдадаа дуулгах байна.
Монгол үйлдвэрлэсэн-Чингэлэг
Монгол морьдынхоо болон уралдааны замын онцлогийг харгалзан шинэ чингэлэг бүтээх нь ажилсаг залуусын “ажлын цэсэнд” багтаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь зөөж тээвэрлэхэд хялбар байгаад хурдан морь хөтлөөд гарах, буулгахад хөл гарыг нь гэмтээхгүй. Зогсоод явахад зөөлөн тухтай байх ёстой гэсэн олон шалгуурын үндсэн дээр хоёр ,гурван ч чиргүүлийн зургийг гаргажээ. Үүнд: битүү дээвэр, дулаан доторлогоо, нар салхи нэвтрүүлэх цонх бүхий дөрвөн морины багтаамжтай чиргүүлийг хийсэн байна. Мэдээж өөрийн орны онцлогийг харгалзан үзсэнээ дуулгасан. “Манай морьд гадаадынхантай адил морин тойруулга дээр очоод уралдчихдаггүй. Замын уртад морио амраагаад ачаад явчихна. Зорьсон газраа хүрээд морьдоо буулгачихаад, энэ хооронд бяцхан унаачид дугхийн амраад авах боломжтой юм” гэлээ. Бас задгай чингэлэгүүдийг ч санал болголоо. Гэхдээ мэдээж чирэх машины моторын хүчин чадал, дугуйны өргөн, чирэх даацыг бодолцон техникийн инженерүүдтэйгээ зөвлөлдөн тохирох чингэлэгийг хийх гэнэ. Жишээ нь жийпэнд зориулсан чиргүүл гэхэд өөрийн жин нь 1100 кг бол даац нь 2,5 тонн. Морины жин ойролцоогоор 350 кг гэж үзэхэд дөрвөн морь ачаад хүссэн газраа хүн мал саадгүй хүрчихнэ.
Дизайнерын хобоо
Олон талын авьяастай энэ эрхэм моринд тун ч хоббитой нэгэн бололтой. Үндэсний өв соёл, залгаад үндэсний үйлдвэрлэлээр үргэлжилсэн бидний ярилцлага “уяачийн” хэсэгт шилжих нь тэр. Адуу цуглуулаад арваад жилийн нүүрийг үзэж байгаа ч харин мань эр морь уяхын тухайд нэг их яарахгүй байгаа бололтой. Өнөө л том жижиг ялгаагүй тооцоо судалгаа хийж, зураг хөргийг нь гаргаж байж сая нэг санаа амардаг зангаараа хандав бололтой. Морь уяж уралдуулахын тулд мэдлэг маш их хэрэгтэй. Хоёрдугаарт уяаны арга технологийг судлах ёстой хэмээнэ. Өөрийнх нь прогнозоор тэтгэвэрт гарахын цагт уяаны эрдэмд бүрэн суралцаад, амьдрал дээр хэрэгжүүлж эхэлсэн байх гэнэ. Харин одоохондоо нүд унагасан адуугаа цуглуулж, хаа нэг морь унаж салхи татуулан эрх чөлөөлж, гүүгээ барьж айргаа уучихаад моринд хайртай монгол эрийн баяр бахдалыг мэдрэнхэн сууна. Тэрээр өөрийгөө айрагны хүүхэд гэж нэрлэсэн. Өдөрт 10-15 литрийн ард гарчих бол энүүхэнд гэж байгаа. Ийнхүү айрагнаас үүдсэн яриа айрагны соёл  руу ч ороод явчих нь тэр. Өвөрхангайчууд айрагны тухайд тусгай хуультай улс. Айргийг исгэхээсээ эхлээд, хамгийн сүүлд ууж дуусах хүртэл цаасан дээр буугаагүй “хар хуулиар” явна. Айрганд дурлаад моринд орчихсон хотын хүү өдгөө айрагны соёлоор ном бичихээр хэмжээний “архив”-ыг нөөцөлжээ. Ийнхүү  “Алтан жууз” үйлдвэрээр аялсан тэмдэглэлээ жаргааж байна. Хийж бүтээхийн оргилуун хүсэл өвөрлөсөн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна