“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 02 -нд

Хурдан морь сонирхогчдын чөлөөт хэвлэл сар тутмын “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гарт хүрч байна.
Энэ удаагийн дугаарын зочин хойморт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  харьяат Монгол Улсын Манлай уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш тухалж, халуун яриа өрнүүллээ. Монголын хурдан морины уралдааны өнөө цагийн өнгө төрхийн нэг, түмний хүндлэлт уяачийн элдэв чимэггүй дотно хуучийг та бүхэн сэтгүүлийн  8-19 хуудаснаас хүлээн авч уншаарай.
Морь уях нь төрийн хэрэг хэмээн Тод манлай уяач Дуламсүрэнгийн аав Цэвээнжав гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ бол уяачийн хөдөлмөр зүтгэл хийгээд монгол наадам, морин уралдааны мөн чанарын товч, оновчтой тодорхойлолт юм.  Морь уяж, төрийн хэрэгт оролцон түмэн олноо цэнгүүлдэг уяачид жил бүрийн сар шинийн өмнө хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлдэг уламжлалтай.  Өнөө жилийн хувьд  уяачдаас ирсэн  холбогдох материалыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 28 хүний нэрийг баяр наадмын зохион байгуулах хороонд өргөн мэдүүлж, сар шинийн босгон дээр цолыг нь гардуулсан билээ. Энэ талаарх сурвалжлага ”Урт чихт”булангийн энэ удаагийн дугаарт багтсан буй.
Нийт хүн амын талаас илүү хувь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод хичнээн уяач байдаг нь нарийн тодорхойгүй ч өнөө цагийн хурдан морины уралдааны гол томоохон төлөөлөгчид, морины зүтгэлтнүүдийн ихэнх нь ажиллаж амьдарч байна. Өөрөөр хэлбэл эх орны амин зүрх болсон энэ газраас Монголын морин спорт тэр дундаа хурдан морины уралдааны гол бодлого чиглэл гарч  орон даяар түгэж байдаг юм. Тэр ч утгаар нь ММСУХ анхаарал хандуулж, хоёр жилийн өмнө нийслэлийн морин спорт уяачдын холбоонд удирдлага зохион байгуулалтын өөрчлөлт хийж, шинэчилсэн зохион байгуулалтанд оруулсан билээ.
Өнөө жилээс эхлээд нийслэлээр овоглодог уяачид өөрсдийн тэмдэглэлт өдөртэй болж буй бөгөөд энэ тухай мэдээлэл “Урт чихт” буланд багтжээ.
Залуу уяачдадаа зөвлөдөг “Эмч зөвлөж байна” буланд “Тэжээлийн тоосонцор” сэдвээр “Жонон” мал эмнэлгийн эмч М.Мөнхбаатар зөвлөсөн байгаа. Хагас суурин маллагаа буюу тэжээл арчилгаатай холбоотой шинэ цагийн уяа дагасан энэ шинэ үзэгдлийн талаар та 44-45 хуудаснаас хүлээн авч унших боломжтой.
Түүнчлэн эрхэм уншигч та бүхэн энэ удаагийн дугаараас салбар холбоодын мэдээллийг авах боломжтой бөгөөд орон нутгийн шинэхэн Алдартуудтай танилцаарай.
 Энэ мэтчилэн морины морин уралдааны холбоотой мэдээ мэдээллийг багтаасан шинэхэн дугаараа та бүхэн “Интер” номын дэлгүүр, сонин борлуулах цэгүүд болон Нарантуул захын замын урд байрлах “Сорлог сүрэг” эмийн бөөний худалдааны төв,  1-р хорооллын 32-р байрны урд өргөтгөлд "Түмэн сувд сүрэг" малын эмийн сан, Хархорины гүүрнээс хойш явсан замын баруун талд 25-р байрны өргөтгөлд "Шандаст хүлэг" дэлгүүр, “Драгон” авто вокзал дахь “Драогон” худалдааны төвийн хажуу дахь “Бүрэн ланс” эмийн  сангаас тус тус худалдан авч уншаарай.
Молор эрдэнэ морио дээдлэгч эрхэм та бүхний үйлс бүтэж яваг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна