ТОП-100 шалгаруулалтанд М-СИ-ЭС группээс 11 компани тодорч, манлайллаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 29 -нд

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордны  ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтыг энэ удаа компани нэг бүрээр эрэмбэлж, групп компаниудыг тусад нь байр эзлүүлсэн нь онцлог байв.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтанд хамгийн олон буюу 11 компани М-Си-Эс Группээс тодорсон үзүүлэлтээр манлайллаа. Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Эй Пи Би, Анунгоо, СББ Трэйд, М-Си-Эс Дистрибюшн, М-Си-Эс Проперти, Спирт Бал Бурам, Юнивишн, Юнисервис Солюшн зэрэг компаниуд ТОП-100 аж ахуйн нэгжээр ийнхүү тодорчээ.  Групп компаниудыг тусад нь байр эзлүүлэхэд М-Си-Эс групп 2-р байрт шалгарч, Шунхлай, Петровис, Таванбогд группууд удаалжээ.

Шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлт болох татвар, шимтгэлийн дүнгээс харвал, 2015 онд Оюутолгой компани 560 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 381 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлсэн бол М-Си-Эс группийн компаниуд нэгтгэсэн дүнгээр 224 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан байна. Тус групп сүүлийн таван жилийн турш улсын төсөвт жил тутам 200 тэрбумаас дээш буюу нийтдээ 1.3 их наяд төгрөг төлсөн нь хувийн хэвшлийн салбартаа үлгэр жишээ болсон үзүүлэлт юм. Харьцуулбал, сүүлийн 5 жилд төлсөн энэхүү дүн нь төсөвт томоохон байр эзэлдэг боловсролын салбарын 2015 оны төсөвтэй дүйцэх хуримтлалыг үүсгэжээ.

2015 онд М-Си-Эс группийн компаниуд нийгмийн хариуцлагын чиглэлээр 80 гаруй төсөл, хөтөлбөрийг бие даан болон хамтран хэрэгжүүлжээ. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглах, хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламжийг салбартаа анх удаа ашиглалтанд оруулсан байна.

Мөн хямралын үед М-Си-Эс групп аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн 20 гаруй оронд, 90 орчим салбар бүхий өндөр зэрэглэлийн “Шангри Ла Улаанбаатар” зочид буудлыг нээж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлсэн бөгөөд 500 гаруй ажлын байр шинээр бий болгоод байгаа юм.


ТОП-100 Аж ахуйн нэгжийн жагсаалт – Групп компаниар

Эх сурвалж: Бизнес ба хөгжил сэтгүүл. 2016
Б.Сайханчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна