Эрүүл мэндийн сайн үйлс үргэлжилж байна

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 09 -нд

Нийгмийн хариуцлага
М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг бүр нь нийгэм, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж үздэг бөгөөд 2015 онд эрүүл мэндийн салбарт олон улсын стандартын эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэх, улсын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, эм бэлэглэх, нийгмийн эмзэг бүлэгт эмнэлгийн үйлчилгээг хүргэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг чиглэлээр аян, төслүүд хэрэгжүүлж ажиллажээ. Үүнд,
-Интермед эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчдэдээ хандсан сургалт, арга хэмжээ олныг зохион байгуулснаас гадна сайн үйлсийн аяныг хэрэгжүүлжээ. Тухайлбал, манай улсад нийт өвчлөлийн дотор багагүй хувийг эзэлдэг нойр булчирхай, цөсний замын хавдрын эрт үеийн оношилгооны шинэ аргуудыг АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Эмнэлгийн Дүрс оношилгооны тэнхимийн профессоруудтай хамтран эх орондоо нэвтрүүлэх, оношилгоог дэлхийн жишигт хүргэх зорилготой олон улсын сургалт семинарыг хийжээ. Энэхүү арга хэмжээнд АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Тайвань зэрэг орны 20 орчим зочин төлөөлөгч, Улаанбаатар хот, аймаг орон нутгийн нийт 180 гаруй эмч нар оролцсон байна.
-Интермед эмнэлэг нэг жилийнхээ ойн хүрээнд Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Сургалтын Үндэсний Төв, Хан-Уул дүүргийн Нийгмийн Хөгжлийн Албатай  хамтран хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй 40 гаруй хүмүүсийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Мөн Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, ном, тоглоом, хувцас бэлэглэсэн байна. Тус эмнэлэг 2015 оны 6-р сараас эхлэн “Эрүүл мэндийн боловсролын яриа”-г сар бүр олон нийтэд зохион байгуулж, хөх, гепатит В, С, Д, витамин Д, шүдний эрүүл мэнд, цэвэршилт сэдвээр таниулга хийжээ.
-Уг эмнэлэг салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхийн Герман улсад үйлдвэрлэсэн, 12 сая төгрөгийн үнэтэй, эмчлүүлэгчийн ор, эмнэлгийн туслах хэрэгслийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт, 18 сая төгрөгийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийг Шастины нэрэмжит Улсын төв III эмнэлэгт тус тус бэлэглэжээ. 
-М-Си-Эс Кока-Кола компани нь ХӨСҮТ-д пульс оксометр багаж 10 ширхэг болон бүтээгдэхүүний дээжээсээ эмч, сувилагч, эмчлүүлэгч нарт бэлэглэжээ.
-Анунгоо компанийн эх, нялхаст зориулсан “Hospital Sampling” буюу “HOSA” төсөл нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын төрөх эмнэлгүүдийг хамарч, жил бүр дундажаар 20 мянга гаруй амаржсан ээжид мэргэжлийн эмч нараар зөвлөгөө өгүүлж, нярайн бүтээгдэхүүн бэлэглэж иржээ. Мөн 2010 оноос эхлэн цэцэрлэгийн хүүхэд багачууддаа шүд болон гараа хэрхэн зөв угаах сургалт явуулж байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна