Орон орны морин тойруулга №1

Бадрал
2016 оны 5-р сарын 19 -нд

Өрнө дахины хурдан морины уралдаан, морин спортын ипподром буюу манайхны ярьдгаар морин тойруулгагүйгээр төсөөлөх аргагүй. Тийм ч учраас ипподром гэдэг тухайн улсын морин спорт, хурдан морины уралдааны хөгжлийг хэмжигч хэмээн ойлгож болно. Нэгэнт тухайн улсын морин спортын нүүр царай болж байдаг тул ипподром болгон улс үндэстэн, тухайн газар нутгийн онцлогийг шингээсэн өвөрмөц төрхтэй байдаг. Уншигч танд орон орны ипподромын талаар сонирхуулж байна
Их Британи
Өрнө дахины хурдан морь, морин спортын өнөөгийн дүр төрхийн үндсийг тавьсан улс нь Их Британи яах аргагүй мөнТиймээс энэ улсаас эхэлсэн нь хамгийн зөв байв. Их Британи нь Англи, Уэлс, Шотланд, Умард Ирланд гэсэн дөрвөн улсын нэгдэл бөгөөд одоогоор 61 ипподром тогтмол үйл ажиллагаа явуулж байдгийн  тав нь Шотландад, гурав нь  Уэлстэд харин үлдсэн хэсэг нь Англидаа байдаг аж.
Их Британи нь морин уралдаааны олон зуун жилийн түүхтэй тул морин тойруулгууд ч олон зууны настай. Англид байгаа тойруулгуудаас хамгийн эртнийх нь Честерийн ипподром. 16-р зуунд буюу 1500-гаад онд Честер орчим шашны баяртай холбоотой олон нийтийг хамарсан зугаа цэнгэл жил болгон зохиогддог байж. Их Мацаг дуусахад мацаг тайлж байгааг ардууд тэмдэглэн Честерт цуглаж талцан зодолддог байсан аж. 40 хоногийн турш улаан махан хоол цээрлэж, бүх төрлийн зугаа цэнгэл хориотой байгаад тайлагдмагц ардууд тэмдэглэн “будаа” болгодог байсан нь ойлгомжтой. Энэ их зодооны үеэр олон хүн гэмтэж, цөөнгүй хүн амиа алддаг байсан тул VIII Хенри хааны тушаалаар зодооныг хориглон хурдан морины уралдаан зохион байгуулах болсноор ипподром үүссэн гэж үздэг. Анхны уралдаан 1539 оны хоёрдугаар сарын 9-нд зохиогдсон тул энэ морин тойруулга нь 470 гаруй жилийн түүхтэй бөгөөд Их Британид төдийгүй дэлхийн хамгийн хуучны ипподром гэсэн цолтой.
Олон зууны түүхтэй өөр нэг ипподром Донкастерт байдаг. Честерийнхээс 50 жилээр дүү. Өмнөд Йоркширт байдаг хэсэг газрын нэгд морин тойруулга байгуулах гэж нэлээд юм болсон гэдэг. Хурдан морин уралдаан 16-р зууны сүүлээс хэлэн зохиогддог болсон ч уралдаан үзэхээр олон мянган хүн цуглахтай зэрэгцэн Английн хамаг луйварчид, хулгайчид ирж байсан гэсэн шалтгаанаар хотын удирдлага хориглох гэж удаа дараалан оролдсон гэнэ. Ингэснээр 17-р зууны эхэнд л уралдааны замыг тусгайлан тэмдэглэхийг зөвшөөрснөөр ипподром албан ёсоор гараагаа эхэлжээ.1766 оноос хойш энд Донкастерийн цомын төлөөх уралдаан тогтмол явагдах болсон бөгөөд тэр цагаас өдгөө хүртэл нэг ч улирал тасалдаж байгаагүй, дэлхийн хамгийн хуучны уралдаан юм.
Йоркийн морин тойруулга нь өвөл цагт Уэ голын хөлдсөн мөсөн дээр зохиогддог байсан уралдаанаас эхтэй. Энд анхны уралдаан нь 1731 онд зохиогдсон байдаг. Намаг балчигтай газар байсан тул усыг зайлуулж, намгийг хатаах гэж багагүй хөрөнгө мөнгө зарсан гэдэг. Ингэснээр 1754 онд энэ ипподром нь Англидаа анх удаа үзэгчдэд зориулсан тусгай индэр байгуулсан байдаг. Энэ индэрийг хотын оршин суугч 250 иргэн тус бүр 5 гиней гарган байгуулсан. Үүний хариуд тэдэнд тусгай зэс жетон өгч, хойшид үр удам нь ч энэ индэр дээр өөрийн гэсэн суудалтай байх эрхтэй болгожээ. Ингэснээр хожим нь “Үзэгчдийн клуб” гэж нэрлэгдэх болсон индэрт тусгай суудал эзэлдэг баячуудын элит клуб үүсэх эхлэлийг тавьсан байна. Одоо Английн морин тойруулга болгонд ийм “Үзэгчдийн клуб” байдаг болсон тэнд гишүүн байна гэдэг хурдан морины уралдаан үзэх төдийгүй амьдрал бусад салбарт ч эзэндээ маш том давуу тал өгдөг гэж үздэг. Учир нь, Англид хурдан морь уралдуулах, үржүүлэх гэдэг нь нийгэмд өндөр байр суурь эзэлдэг маш баян хүмүүсийн хийдэг зүйл. Иймд мөнгөтэй, баян, эрх мэдэлтэй бол н хурдны морь заавал сонирхох хэрэгтэй гэж үздэг гэнэ. Ийм хүмүүсээс бүрдсэн жинхэнэ элит, хаалттай “Үзэгчдийн клуб”-ын гишүүн байна гэдэг ямаршуу боломж нээхийг тааж ядах юмгүй.
Йоркийн морин уралдаан нь үзэгчдийн цангаа тайлдаг шампан дарс, хачир энэ тэр нь бусад ипподромынхоос харьцангуй хямд гэдгээрээ алдартай. Учир нь бусад морин тойруулгуудын дотор зарагддаг дарс, зууш, хачир нь дээд зэрэглэлийн тансаг рестораны үнээр зарагддаг аж. Иймд Йоркт болж байгаа уралдааны үзэх гэж ирдэг хүмүүсийн тоо хамгийн олон байдаг. 2007 онд уралдаан үзэхээр 42 мянган хүн ирсэн нь дээд амжилт болж байжээ.
Хар аяндаа уламжлалт уралдаан болдог байсан газар байгуулагдаагүй, тусгайлан барьж байгуулсан ипподром дотроо Сандаун-Паркийн ипподром их алдартай. 1875 онд уг нь сэтгэцийн эмнэлэг барихаар төлөвлөж байсан газар ипподром байгуулсан байдаг. Энэ ипподром нь үзэгчдийн суудлыг анх удаа ихэс дээдсийн суудаг тусгай хэсэг ба эгэл ардын ердийнх гэж хуваасан гэдгээрээ алдартай. Үүний дараа хурдан морины уралдаан үзэхдээ хүмүүжилгүй борчуудын элдэв хараал, зүхэл сонсоно гэж айлтгүйгээр эмэгтэй хүн дагуулж ирэх боломжтой боллоо гэж их магтуулж байсан гэдэг.
21-р зууны эхээр Английн ихэнх морин тойруулгууд шинэчлэгдэн засвар хийгдэж, орчин үеийн шаардлагад нийцэж тохирсон байдалтай болсон. 300 гаруй жилийн түүхнтэй Аскотын ипподром гэхэд л засвар хийж 370 метр урт, зургаан давхар үзэгчдийн индэртэй, бөглөрөлд орно гэж айлтгүй газар доогуур очдог зам татсан.

Үргэлжлэл бий...

Б.Бадрал


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна