Малын их эмч Ш.Батболд:АХ-ын 95 жилийн ойгоор 441 адуунд мал эмнэлгийн тусламж үзүүлсэн

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 01 -нд

Нийслэлийн Мал Эмнэлгийн их эмч, хурдан морины салбар комиссын гишүүн Ш.Батболдоос цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Энэ өдрийн мэнд хүргэе. АХ-95 жилийн ой үндэсний их баяр наадмаар хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ?

-Юун түрүүнд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадмаар 32 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Үүнээс 15,16 мэргэжлийн малын эмч нар бусад нь үйлчилгээний ажилчид байсан.
-Дөрвөн өдөр хэдэн адуунд мал эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бэ?
-Нийтдээ 441 адуунд мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан адууны насыг ажиглавал их нас, азарга, соёолон илүү зонхилж байна лээ. Өөрөөр хэлбэл дээд гурван насны морьдод илүүтэй эрсдэл үүсч байна гэсэн үг. Жаахан тодруулбал баяр наадмын өдрүүдэд уралдааны замд таван адуу харамсалтайгаар эндсэн. Мөн 17 адуу бахардаж унасан бол шингэний дутагдалд орж сульдаж доройтсон 73, хөл нь бэртэж гэмтсэн 28 байлаа. Бид 118 адуунд эмчилгээ хийж, 200 гаруй морийг уралдааны замд Цагаан хөтөл, Ерөнхийлөгчийн асар, Пост-3 зэрэг байршлуудад бахардаж унахаас урьдчилан сэргийлж, унаач хүүхдүүд болон уяачдад мэргэжлийн зөвлөгөө өгсөөн. Түүнчлэн уралдааны дараа 40 гаруй дуудлага хүлээн авч бэртэл гэмтэл, шингэн дутагдах, зүрх судас, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэгүүд илэрсэн 88 хурдны адууг эрүүл мэндийн үзлэгт хамруулж зохих эмчилгээг хурдан шуурхай хийлээ.
-Дээд гурван насан дээр илүүтэй эрсдэл үүсч байгааг юутай холбож үзэж байгаа вэ?
-Энэ бол уяачийн мэдрэмжийн асуудал. Ихэнхдээ хоол унд, амралтыг зөв тооцоолоогүйгээс үүссэн эрсдлүүд байдаг. Түүнчлэн эрлийз адуун дээр хөлний хугарал, гэмтэл маш их байна. Дээр дурдсан
20 гаруй  тохиолдлын хөлний бэртэл нь эрлийз ангиллын морьдод хамаатай. Тэр тусмаа эрлийз дээд насны морьдын хөл илүүтэй бэртэж гэмтдэг. Гол төлөв туурай, тойго, өвдөгний үеэр хугарч, шилбэний яс цуурч байна. Энэ нь  уралдааны замын бартаанаас гадна кальцийн дутагдалтай холбоотой байж мэдэх юм.
-Эндсэн морьдод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж амжсан уу?
-Эрлийз морьдын уралдаан дээр ерөөсөө эндэгдэл гардаггүй. Яагаад гэхээр эрлийз адуу монгол морь шиг үхтлээ зүтгэдэггүй. Жаахан тамирдаад ирмэгцээ зогсчихдог. Харин монгол адуу тамираа тасартал, бараг үхтлээ зүтгэдэг онцлогтой. Бид бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилладаг. Нуугаад яахав зарим үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд цагдаагийн байгууллагынхан саад учруулж байна. Бид аль болох моринд ойр явж байж эрсдэл үүсмэгц яаралтай тусламж үзүүлэх учиртай. Гэтэл цагдаагийн байгууллагаас хол явахыг шаарддаг. Манай эмч нарын ярих нь уралдааны замд яг ийм шалтгааны улмаас нэг адуунд тусламж үзүүлэхэд оройтсон байсан гэж байна лээ. Тиймээс цаашдаа энэ байдалдаа анхаарал хандуулах бизээ.
-“Их хурд-7” уралдааны үеэр хэдэн адуунд тусламж үзүүлсэн бэ?
-“Их хурд” уралдааны үеэр дөрвөн машин, 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, унасан хоёр азаргыг хоёуланг нь босгосон. Цаг алдалгүй тусламж үзүүлбэл амь насыг нь аврах боломжтой байдаг.
-Мэргэжлийн эмчийн зүгээс уяач нарт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Гадныхан адууныхаа урд талын хөлөнд хамгаалалт хийж уралдуулдаг. Тэр жишгийг эрлийз ангилалд нэвтрүүлмээр байна. Монгол морьдын уралдаанд уяачид маань морьдынхоо хоол унд, амралтыг сайн тохируулж, шингэн дутагдлыг тухай бүрт нь нөхөж байх хэрэгтэй.
-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна