“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 18 -нд

Үүх түүх, үндэс угсаагаа эрхэмлэн дээдэлж, Монголын  гэсэн бүхэнд гүн хүндэтгэлтэй ханддаг эрхэм уншигч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Монголын хурдан морины уралдааны сонин сайхнаас дуулгадаг  “Тод магнай” сэтгүүлийн ээлжит шинэ дугаар  хэвлэгдэн гарлаа.
Энэ удаагийн дугаарын зочин хойморт Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Буянтогтох уригдсан.  2007 оноос хойш  төрийн зарлигт наадмуудаас хишиг хүртэн түмэн олноо цэнгүүлж яваа нүдээрээ инээмсэглэсэн даруухан залуу өнөө жил шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд хүрэн морио /Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, “Агт -Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайгийн хүрэн/ түрүүлгэж, зүүн бүсийн уралдаанд амжилтаа бататгасан билээ. Морь унах хүсэлдээ хөтлөгдсөн нэгдүгээр ангийн бяцхан хүү хэрхэн өнөөдрийн чадварлаг уяач болсон тухай мэдэхийг хүсвэл 6-16 хуудсыг уншаарай. Залуу уяачийн “Муу морь уясан хүн төөрчихдөг юм гэнэ лээ” гэсэн өгүүлбэр эрхгүй анхаарал татсан шүү. Чухам яагаад гэдгийг тэр хариулах болно.
Энэ удаагийн дугаарт АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз ангиллын уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийн танилцуулга, эзэн уяачдын баярын сэтгэгдэл багтсан байгаа.
“Цуутай хүлгийн аатай түүх” амтат буланд АХ-ын 60 жилийн ойн баяр наадамд түрүүлж түмний хүндлэлт хүлэг болсон Даа Тамгын хул буюу Даа-гийн хул азарганы тухай сонирхолтой түүхийг сэтгүүлч О.Наранбаатар өгүүлжээ. Залуу чадварлаг сэтгүүлчийн бичсэн “Жаргалант адууны хур” буюу Монгол Улсын Манлай уяач Сэдэдийн Жамбалын тухай сонирхолтой нийтлэлийг та 32 хуудаснаас уншаарай.
“Эмч зөвлөж байна” буланд уламжлал ёсоор “Жонон” мал эмнэлгийн захирал, малын их эмч М.Мөнхбаатар зөвлөжээ. Тэрээр энэ удаа “Туулгын зохистой хэрэглээ буюу хар гэдсийг хэрхэн авах вэ?” гэсэн сэдвийг сонгож, тун хэрэгтэй зөвлөгөөг хүргэсэн байна. Та энэ талаар 47-48-р хуудаснаас уншаарай.  
Та сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг “Интер” номын салбар дэлгүүрүүд болон “Тод магнай” сэтгүүлийн редакциас худалдан авах боломжтой.
Биднийг сонгон хамт байдаг эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна