“Хонгорын хурд” МСУХ шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд 2016 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирэх жилийнхээ уралдааны товыг баталжээ. Энэ сарын гурванд Баянхонгор аймгийн төвд болсон баярын хурал, цэнгүүнд 150 гаруй уяачид, 30 унаач хүүхэд оролцсон байна. Улиран одогч 2016 онд хонгор нутгийн уяачид улс, бүсийн чанартай уралдаанаас нэг түрүү, зургаан айраг хүртэн одтой сайхан наадсан. Уншигчид санаж байгаа бол АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд Баянхонгор аймгийн Баян Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайваны хүрэн хязаалан айргийн дөрөв, Богд сумын уугуул, сумын Алдарт уяач Дэндэвийн Ганболдын хонгор халзан шүдлэн айргийн тав, Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын бор даага аман хүзүүнд тус тус хурдлан төрийн наадмаас гурван айраг хүртсэн бол Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд Бөмбөгөр сумын уяач Л.Ганхүлэг зээрд азарга айргийн тавд, мөн сумын харьяат А.Батбаатарын бор даага айргийн гуравт хурдалсан.
Харин Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хүрэн хязаалан айргийн тавд хурдалж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Махвалын халтар даага түрүүлсэн билээ.
Ийнхүү сүүлийн жилүүдэд улс, бүсийн чанартай уралдаануудад тогтмол амжилттай наадаж буй хонгор нутгийн уяачдаас 2016 онд амжилтаараа дараах эрхмүүд илүүрхжээ.
Шилдэг салбар холбоо: Д.Ганзориг тэргүүнтэй “Их Богдын хурд” МСУХ Шилдгийн шилдэг уяач: Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайван
Шилдэг уяач: Дэндэвийн Ганболд, Б.Сандагдорж, Л,Ганхүлэг
Хангайн бүсийн шилдэг уяач: Ч.Баянмөнх
Төвийн бүсийн шилдэг уяач: Ч.Амарсанаа
Говийн бүсийн шилдэг уяач: Н.Мөнхбат нар тус тус шалгарсан юм. Түүнчлэн сум тус бүрээс нэг шилдэг уралдаанч хүүхдийг шалгаруулж шагнаж урамшуулсан байна.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна