Туулгын зохистой хэрэглээ буюу хар гэдсийг хэрхэн авах вэ?

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 21 -нд

Эрхэм уяачид та бүхнийхээ энэ өдрийн амгаланг  айлтгая. “Тод магнай” сэтгүүлээрээ  дамжуулан хүргэдэг “Эмч зөвлөж байна” булангийнхаа ээлжит дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа та бүхэндээ адууны гэдэс солих буюу туулгалтыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар зөвлөхөөр шийдлээ.
Хамгийн эхлээд туулгалтын талаар ярилцъя. Туулгалт гэдэг бол паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бодис юм. Өөрөөр хэлбэл адууны гэдсэнд шимэгчлэн амьдарч байгаа цагаан хорхой болон түүний өндөг, авгалдайг үхүүлж малыг дотуур шимэгч хорхойноос ангижруулах үйлчилгээтэй эмийн бодис учраас зөв зохистой хэрэглээг эрхэмлэх нь зүйтэй. Харин манай ихэнх уяачид туулгаар адууныхаа гэдсийг солино гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ туулга нь паразитын эсрэг бэлдмэл тул адууны биенд байгаа өвсний хог, хаягдал, хуучин хомоол, шороо зэргийг гадагшлуулахгүй. Өөрөөр хэлбэл уяач та хар гэдэс буюу хомоолыг авах зорилгоор туулга хэрэглэж байгаа бол үр дүнд хүрэхгүй.  Харин ч ойрхон давтамжтай өгснөөс болж адуунд сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлтэй юм. Туулгыг адуунд улиралд нэг удаа уулгаж шимэгчдээс нь ангижруулан  тарга, тэвээрэг авахуулж  жилийн дөрвөн улиралд тарга хүчийг нь тогтоон барих хэрэгтэй. Мөн туулгыг зөв зохистой хэрэглэснээр  өвс, тэжээл боловсруулах үйл ажиллагаа идэвхжиж, ходоод гэдэсний үрэвсэл болон ямар нэг эмгэг үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж чаддаг. Харин зохистой бус хэрэглээнээс болж /туулгыг тогтмол хэрэглэснээр/ гэдсэн дэх ашигтай бактерууд устаж хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа доголдох магадлалтай. Манай уяачид туулгын тунг хэтрүүлж өгөх нь элбэг. Зүй нь туулгын найрлаган дахь бодисуудаас шалтгаалаад адууны амьдын жинд тохируулан хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл 100 кг амьдын жинд 10 гр байхаар тооцон тунг тохируулах хэрэгтэй. Орон нутгаар явж байхад туулгын тунг хэтрүүлж өгснөөс болоод уяж байсан морьд уралдах боломжгүй болсонтой цөөнгүй таарч байсан. Тиймээс эрхэм уяачид та бүхэн цаашдаа туулгыг зөв зохистой хэрэглэж хэвшээрэй.
Уяачид туулгыг хар гэдэс авах зорилгоор түлхүү хэрэглэдэг тухай дээр дурдсан. Тиймээс хар гэдсийг ямар эм бэлдмэл хэрэглэж авч болох талаар одоо зөвлөе.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоол тэжээлийн үлдэгдлийг гадагшлуулах үйлчилгээтэй эмийн болон тэжээлийн бодисуудыг морин спорт хөгжсөн улс орнууд өргөнөөр хэрэглэж хэвшжээ. Үүний нэг нь минерал ойл хэмээх тос юм. Энэхүү тосыг  өдрийн 60 мл-ээр тооцон 3-7 хоног өгнө.  Минерал ойл нь адууны биед байгаа гадны биет, шороо, хуучин хомоол, өвсний хог хаягдлуудыг  гадагшлуулна. Аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ хамаараад нэрний хувьд өөр өөр байх хэдий ч Монгол улсад худалдаалагдаж байгаа нь “Минерал ойл”, “Парапин ойл” гэсэн шошготой. Хар гэдэс авах зорилгоор манай улсад түгээмэл  хэрэглэгддэг дараагийн бүтээгдэхүүн бол “Milk of Magnesia” юм. Магнизм бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг бол сүү нь гэдэс дотрыг цэвэрлэх үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүн нь хавсарсан үйлчилгээтэй бэлдмэл юм. Үүнийг мөн л  3-7 хоногийн туршид хэрэглэнэ. Харин “Минерал ойл фоспад”-ыг малын эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Учир нь хамраар дамжуулан адууны ходоодонд гуурс тавихад мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн нь үйлчилгээ түргэн. Хэрэглэснээс хойш 1-2 цагийн хооронд хүчтэй базлах шинж тэмдэг илэрч гэдсэнд байгаа гадны биетүүдийг бүрэн гадагшлуулдаг. Мөн хар гэдэс үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэжээж буй адуундаа тогтмол уулгадаг тосон бэлдмэл гэж бий. Үүнийг өдөр бүр тэжээлэнд нь хольж өгнө. Тэжээлтэй хамт хоол боловсруулах эрхтэнд нэвтэрсэн тосон бэлдмэл адууны гэдэсний ханыг тослож гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж байдаг. Жүчээнд тэжээгдэж байгаа адуу өдөрт их хэмжээний хог хаягдлыг идэж байдгийг уяачид анзаардаггүй байж мэднэ. Тиймээс омега 3, омега 6, омега 9 агуулсан энэхүү тосон бэлдмэлийг тогтмол хэрэглэж хэвшснээр хар гэдэсний тухай ойлголтыг мартах боломжтой. Ингээд та бүхэндээ дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийнхээ зургийг хүргэе.
“Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.