Залуу малчдаа дэмжих аяныг орон даяар хэрэгжүүлнэ

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 24 -нд

Морьтон түмний үр сад, залгамж халаа болсон залуу уяачдаа дэмжих, монгол адууны удам, генийг хадгалан авч үлдэх зорилготойгоор өнгөрсөн оны 10-р сард үүсгэн байгуулагдсан ММСЗУХ 2017 онд хийгдэх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан тухай бид өмнөх дугаартаа  дуулгасан. Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, 70 хувьд цасан бүрхүүл тогтон олон суманд өвөлжилт хүндрээд байгаатай холбогдуулан ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга “Залуу малчдад туслах аян”-ыг санаачлан орон  даяар хэрэгжүүлэхээр болжээ. Даяаршиж буй нийгэмд Монгол ахуй соёлоо тээн, эх нутагтаа эзэн болж буй малчин залуусаа дэмжих аянд поп опера “Увертюра” хамтлагийн залуус ч нэгдэхээ илэрхийлж, 1-р сарын 31-нд бөхийн өргөөнд “Монгол минь” цомгийн нээлт хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. 20,000 төгрөгийн үнэтэй тасалбар бүрийг тус  хамтлагийн  “Монгол минь...” шинэ цомог дагалдах бөгөөд тоглолтын ашгийг залуу малчдад туслахад зориулах аж. Түүнчлэн “Увертюра” хамтлагийн “Монгол минь...” цомгийн нээлтэнд зориулсан энэхүү тоглолт хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн зүүн бүсийн найман аймаг, нэг дүүрэг, баруун бүсийн 13 аймагт тоглогдож, олсон орлогоор нь мал худалдан авч залуу малчин гэр бүлд хандивлахаар төлөвлөжээ. 21 аймаг тус бүрт судалгаа явуулж тус бүр нэг өрх айлыг сонгон багадаа 50 тооны бог мал бэлэглэхээр төлөвлөж байгаа хэмээн ММСЗУХ-ны ажлын албанаас мэдэгдлээ.
Тус холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд урьдчилан тусгагдаагүй энэхүү аян нь нүүдэлчин ахуйн соёлын гол эзэд болсон малчид, тэр дундаа залуу малчдаа зорилго агуулж буй бөгөөд “сүүлийн жилүүдэд дараалан болсон ган, зуд болон нийгмийн бусад хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжих, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох зорилготой.Бид зүгээр  нэг таарсан айлаа сонгочихгүй. Нутаг орондоо нэр хүндтэй  зөв амьдрах гэж зүтгэж байгаа хэрнээ амьдралын боломж тааруу, тусламж хэрэгтэй байгаа гэр бүлийг сонгож, тус аймгийн нэг айлаас нь хонио худалдаж аваад, малгүй айлдаа хандивлахаар төлөвлөж байна” хэмээн ММСЗУХ-ны ажлын албаны мэргэжилтэн тайлбарласан. Монгол малчдаа дэмжиж, монгол ахуй соёлоо  дээдэлсэн залуустаа амжилт хүсье.
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна