Эмзэглэн амьсгаадаж ханиавал төвөнхийн буюу, цээжний үрэвслийн шинж

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 25 -нд

“Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлөг” номноос хүргэж буй цувралын гурав дахь уншигч танаа хүрч байна. Энэ удаа бид та бүхэндээ сонсож шинжих талаар хүргэхээр бэлтгэлээ.
Сонсож шинжлэх:
Чагнах болон үнэрлэхээр дамжуулж өвчний байдлыг шинжлэх арга бий. Эрүүл малын дуу чимээ тод, тунгалаг, жигд байдаг бол өвчтэй малынх өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл тухайн адууны амьсгалж буй байдал болон ханиах, шүдээ хавирах, уухилах, гэдэс дуугарах зэргээр нь ямар эмгэг туссаныг илрүүлэх боломжтой.
Амьсгалах чимээ: Эрүүл малын амьсгал дуу ихтэй байдаггүй. Хөнгөн зэргийн өвчний үед ч амьсгалд төдийлөн өөрчлөлт ордоггүй. Харин өвчин хүндэрсэн үед амьсгалд өөрчлөлт орно. Амьсгал сул дорой бол хий хүрэлцэхгүйн шинж бөгөөд энэ нь хэт ядрах болон дотор гэмтлийн үед тохиолдоно. Хэрчигнэж амьсгаадвал цэр бөглөрсний тэмдэг. Амьсгалахад хамар нь бөглөрч байвал хамрын үрэвслийн шинж. Амьсгалах чимээ нь урт бөгөөд амаа ангайж, хамар нь сэртэлзэж байвал хэтэрсэн давхцалт. Харин амьсгалах чимээ нь сул дорой буюу тасалдаж байвал доройтсон давхцалтынх юм. Хамарт нь юм тээгэлдэж байгаа юм шиг бол өвчин хүндэрсний тэмдэг хэмээн ойлгож болно.
Ханиах чимээ: Ханиах бол уушгины өвчний чухал нэг шинж тэмдэг. Үүнд тод бөгөөд хүчтэй ханиавал хэтэрсэн гэм болно. Энэ нь гадар хямрааны хий сэрүүн гэм буюу хий халуун гэмийн эхний үед тохиолдоно. Сулавтар буюу тасалдаж ханиавал доройтсоны гэм. Энэ нь хэт ядарснаас болсон ужиг өвчинд тохиолдоно. Хамарнаас тунгалаг шингэн буюу цайвар шингэн эсвэл идээ шиг нус гоожиж ханиавал уушгины сэрүүний гэм, хамраас нь булингар буюу шаравтар өнгөтэй идээ шиг нус гоожиж ханиаж байвал уушгины халуун гэм.Эмзэглэж амьсгаадаж ханиавал төвөнхийн буюу цээжний үрэвсэл, тамирдаж амьсгаадах бөгөөд өдөр нь хөнгөн шөнө нь их ханиаж байвал уушги, бөөр доройтсон ба хэт ядарснаас болсон уушгины гэмтэлд тохиолдоно. Хамраас нь өмхий үнэртэй бохир идээтэй цустай  нус гарч байвао ям болно.
Уухилах чимээ болон шүд хавирах чимээ: Уухилах буюу шүд хавирвал эмзэглэл нь хүнд, өвчин нь аюултайн шинж тэмдэг болох бөгөөд голдуу адууны уушгины мөхжил, ям, гэдэсний хурц үрэвсэл, ходоодны хурц тэлэлт, зүрхний дотор хальсны өвчин, ходоод гэдэс цоорох, үхэр хонины салбант сархиганы түгжрэлт хэрхнэгийн шархлаат үрэвсэл, үнхэлцэгний шархлаат үрэвсэл, түгжрэлт зэрэг өвчний үед тохиолдоно. Үүнээс гадна зогсоо өвчин, тархины өвчин, эмэнд хордсон үед иймэрхүү шинж илэрнэ. Адуу луусанд ийм шинж илэрвэл үхлээр эцэслэнэ. Хээлтэй мал бол төлийн /хэвтэш/ хөдлөх буюу төллөх ойртвол олон дүлж гэдэс нь эмзэглэх байдал илэрнэ.
Гэдэсний чимээ: Эрүүл малын нарийн гэдэс бол ус хоржигнох шиг, бүдүүн гэдэс бол тэнгэр дуугарах шиг сонстоно. Гэдэсний чимээ нь хүчтэй буюу ширүүсэж байвал гэдэсний хэтэрсэн сэрүүн гэмийн шинж. Энэ нь гэдэсний ужиг үрэвсэл, татганалт, дэлүү доройтож баас алдах үед тохиолдоно. Гэдэсний чимээ нь бул буюу арилбал олонхдоо ходоод гэдэсний түгжрэл буюу гэдэсний түгжрэлт болно. Өвчний явцад гэдэсний чимээний хувиралт нь өвчний байдлын идэвхтэй ба идэвхгүйг шинжлэхэд тун их ач холбогдолтой. Жишээлбэл: түгжрэлтийн үед гэдэсний чимээ нь ерөөс сул дорой байж эмчилсний дараа гэдэсний чимээ сайжирвал өвчин эдгэрч байгаагийн тэмдэг. Харин үүний эсрэгээр баахгүй, гэдэс өвдөх нь зогсохгүй, гэдэсний чимээ нь бас сайжрахгүй үргэлжлэн гэдэс дүүрвэл өвчин нь хүндэрч эцэслэл муу болсны тэмдэг болно.

Үргэлжлэл бий...

"Хятад мал эмнэлгийн онолын суурь зүү төөнөлөг" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна