Үнэрлэх мэдрэлээр дамжин малын өвчнийг ялган таних

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 04 -нд

Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлөг” номноос хүргэж буй цувралын гурав дахь уншигч танаа хүрч байна. Энэ удаа бид та бүхэндээ үнэрлэн шинжих талаар хүргэхээр бэлтгэлээ.
Үнэрлэх мэдрэлээр дамжиж малын биеийн янз бүрийн шүүрдэс, ялгадас хийгээд амьсгааны үнэрээр өвчнийг ялган танихыг хэлнэ. Үүнд ам, хамар, идээ, баас, шээсний үнэрийн үнэрлэх агуулга багтана.
Эрүүл малын ам нь дэмий үнэргүй буюу зөвхөн өвс бордооны үнэртэй. Хэрэв өвчний явцад амнаас нь бохир өмхий үнэр гарвал ходоодонд халуунтай. Жишээлбэл: адууны ходоодны халуун өвчин, үхрийн салбант сархинагийн түгжрэл зэрэг. Амнаас нь исгэлэн үнэр гарч шаравтар нялцгай өнгөртэй бол ходоодонд халуун суусны тэмдэг. Жишээлбэл: Бордоонд гэмтэх, үхрийн гүзээнд тэжээл дүүрэх зэрэг. Амнаас нь цусны үнэр гарвал амны шархлаат үрэвсэл, хөл гэмтэх, шүдний уг идээлж үрэвссэн, доод эрүүний яс цоорсон зэрэг өвчний үед тохиолдоно.
Хамрын үнэр: уушгины өвчнөөр өвчилсөн үед хамраас нь өмхий үнэр гарна. Үүнд: хамраас нь үнсэн шаравтар өнгөтэй цайвар өмхий үнэртэй идээ нус гоожиж байвал уушгинд мөхжил, шаравтар буюу цайвар өмхий үнэртэй идээ нус гоожвол ям, үүнээс гадна бас адууны дээд эрүүний хөндийд үрэвсэл буй болсон үед хамрын нэг нүхнээс өмхий үнэртэй нус гоожно. Хонины хамрын гуурны үед хамраас өмхий үнэртэй өтгөн нус гоожно.
Идээний үнэр: идээний үнэрийг ялгаж мэдэх бол яр шархны үед арга билиг доройтсон хэтэрснийг ялгахад чухал ач холбогдолтой. Түүний идээт шингэн нь ихэнхдээ шаравтар цайвар өнгөтэй бөгөөд гэлгэр, үнэргүй буюу жаахан хатмал өмхий байдаг. Хэрэв идээ нь өтгөн шар, булингартай, өмхий бол хэтэрсэн гэмд харьяалагдах бөгөөд аргын өвчин болж олонхдоо халуун хор дотоодод дийлэнгүйн тэмдэг. Хэрэв идээ нь цайвар, шингэн өмхий үнэртэй бол доройтсон гэмд харьяалагдаж билгийн гэм болох бөгөөд хор нь гүйцэд арилаагүй, хий цус доройтсоны тэмдэг болно.
Баасны үнэр: Ходоод гэдэсний өвчнийг шинжлэн таних үед баасыг үнэрлэх болно. Үүнд: баасны өнгө нь хүрэн шар, цустай эсвэл бохир хар гоц шингэн бөгөөд өмхий бол гэдэсний хэтэрсэн халууны гэм болох бөгөөд гэдэсний хурц үрэвсэл, чацга алдах өвчний үед элбэг тохиолдоно. Хэрэв баас нь шингэвтэр тэжээлийн боловсруулагдаагүй зүйлтэй, өмхий бол бордоонд гэмтэсний тэмдэг. Үргэлж ус шиг баас алдаж байвал дэлүү доройтсоны илрэл. Урт хугацаагаар баас алдаад зогсохгүй, үнэргүй бол дэлүү бөөр доройтсоны илрэл. Баас нь хатаж /хорголсож/, өнгө нь гүн, баасны өнгөр дээр салстай буюу сүүлчийн баасанд нь цайвар салслаг зүйл унжралдаж паг үмхий бол хэтэрсэн халуун гэм болох бөгөөд гэдэсний ужиг үрэвсэл, түгжрэлтийн үед тохиолдоно.
Шээсний үнэр: Шээс нь багасаж улаан шар буюу булингартай бөгөөд үнэртэй мөртөө тос шиг өтгөн бол олонхдоо халуун хэтэрсэн гэмд харьяалагдаж давсганд халуун хоцорч, гэдэсний түгжрэлтийн хүндрэлтийн үед тохиолдоно. Хэрэв шээс нь арвидаж тунгалаг бөгөөд үнэргүй бол доройтсон хүйтэн гэмд харьяалагдана. Харин шээс нь өмхий бөгөөд хүрэн өнгөтэй бол бөөр гэмтсэний тэмдэг болно.

Үргэлжлэл бий...

"Хятад мал эмнэлгийн онолын суурь зүү төөнөлөг" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна