Ерөнхийлөгчид Магнай халиуны төлийг бэлэглэжээ

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 17 -нд

Монгол төрийн наадамд хоёр дахиа түрүүлэн түмэн олноо баясгасан Т.Болдбаатарын Магнай халиун азарга энэ цагийн эрхгүй хурдан бахдалт хүлгүүдийн нэг. Шүдлэн наснаасаа хойш улс, бүсийн чанартай уралдаанаас таван түрүү, найман айраг хүртэн эзнээ Манлай уяач цолонд хүргэсэн Магнай халиун азарганд Монгол төрийн хоёр тэргүүн хүндэтгэл үзүүлээд буй. Өнгөрсөн жил АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд түрүүлэхэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бараа бологсдынхоо хамтаар очиж, уран толгойноос нь адис авч, эдийн дээд хадгаар мялаасан бол энэ жил “Монгол ялав” уриатай Х.Баттулга  тэргүүн тангаргаа өргөөд зочилсон анхны айл нь Т.Болдбаатар уяачийнх байлаа. Сэтгэл гарган зассан идээ жүүс тэргүүтэнд нь уруул бүү хэл гар хүргэлгүй “цамаархдаг” ч монгол ёсоо бодож урьдын адил хүндэтгэлийн ширээ засан зочноо угтжээ. Гэтэл охин болон албаны бусад зочдын хамтаар хүрэлцэн ирсэн шинэхэн тэргүүн бодсоноос тэс өөр аашилж, бэлтгэсэн идээ жүүсийг хөндөн, барьсан хундагийг тогтоогоод энгийн сайхан яриа өрнүүлэн хагас цаг орчим саатсан байна. Түүгээр ч барахгүй “жилдээ ганц монгол наадам байна даа. Монголоороо л байя л даа” хэмээн хамгаалагч албаны хүмүүсийнхээ хоригийг үл харгалзан гэрт байсан хүмүүстэй зургаа татуулсан гэх. Бас болоогүй гарын бэлгээ гэрийн эзэн, унаач хүүхдээр хязгаарлалгүй тэнд байсан бүх хүний гарыг цайлгажээ. Ийнхүү орж ирсэн цагаас энгийн бөгөөд хүндэтгэлтэй хандсан Монгол төрийн тэргүүндээ Т.Болдбаатар Манлай талархаж буйгаа илэрхийлээд Магнай халиун азарганыхаа төлийг бэлэглэн,  эр, охин гэж хүйс заалгүй өөрөө сонгох эрхийг олгожээ. Төрийн тэргүүн Манлай уяачийн сэтгэлийн бэлгийг соёрхон өөрийн нэртэй хурдан хүлгээ төрийн наадамд уралдуулах уу, эсвэл удам сайт адуугаар цус сэлбэн улам олон болгох уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна