Булганыхан хэзээд анхдагч

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 24 -нд

Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Булганчууд ямагт аль нэг зүйлээрээ анхдагч болсоор ирсэн. Байсаар ч байх болно. Дэлхийн татах хүчнээс ангижирсан анхны монгол хүн  энэ нутгийх. Басхүү дэлхийн эв санааны баяр олимпоос алтан медаль хүртсэн анхны монгол хүн  Булганых. Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаан, 11125 морьтны жагсаалд хамгийн олуул ирж оролцсон уяачид мөн л Булган аймгийнх. Ингээд тоочоод байвал барагдашгүй. 
Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээсэн “Тод магнай” сэтгүүл 2012 оноос эхлэн орон нутгийн уяачид, хурдан хүлгүүдийг алдаршуулах зорилго өвөртлөн аймгуудын  тусгай дугаарыг эрхлэн гаргаж буйг уншигчид мэднэ. Энэ хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон,  Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудын /бүх сумдын/ уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийн ярилцлага нийтлэл, хурдан хүлгүүдийнх нь  суу алдрын товчоон бүхий тухай тусгай дугаарын сэтгүүлийг эрхлэн гаргаж  олны хүртээл болгожээ. Эдгээрээс хамгийн нүсэр нь хурдны өлгий хан Хэнтий аймгийнх /552 нүүртэй/ бол Баянхонгор, Говь-Алтай, Увс зэрэг аймгууд 500, Сүхбаатар 400, Завхан, Хөвсгөл, Дорноговь аймгууд 300 нүүрэнд багтжээ. 
Анхдагчдын өлгий Булган аймаг ирэх жил үүсч байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэнэ. Ойдоо зориулж “Булганхангай” МСУХ-ны удирдлагууд “Тод магнай” сэтгүүлийн тусгай дугаарыг захиалсан бөгөөд 550 нүүрэнд 17 сумынхаа уяачид, хурдан морины түүхийг багтаахыг хүссэн юм. Ингэхдээ  бидний өнгөрсөн таван жилийн туршид баримталж ирсэн нэг сумаас 5-6 төлөөлөл уяачийн дэлгэрэнгүй ярилцлагыг гурав болгон багасгаж, харин сумын бүх уяачдын товч танилцуулгыг багтаах хүсэлтийг тавьсан билээ. Энэ дагуу өнгөрсөн 8 сарын 19-нөөс 9 сарын 14 хүртэл Тод магнай сэтгүүлийн сурвалжлах хэсэг Булган аймагт ажиллаж, 450 гаруй уяачтай уулзаж ярилцсан юм. Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн олон оролцогчтой Булган аймгийн “Тод магнай” сэтгүүл ирэх жилийн хавар уншигчдын гарт хүрэх бөгөөд ийнхүү Булганчууд дахин нэг зүйлээрээ анхдагч болж 21 аймаг 315 сумын уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, удамт хурдан хүлгүүдийн танилцуулга бүхий түүхэн номд хамгийн олуул буюу өнөр бүрэлдэхүүнээр багтахаар болж байгаа юм. Булганчууд аргагүй анхдагчид байгаа биз.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна