"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 04 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил дэврээсэн “Тод магнай” сэтгүүл уншигч танаа учран золгоод хэдийнэ найман өвлийг үджээ. Энэ хугацаанд 92 дугаараар та бүхэнтэйгээ учран золгож байна. Өөрөөр хэлбэл, “Тод магнай” сэтгүүлийн маань шинэхэн дугаар  худалдаанд гарлаа.
Сэтгүүлийн маань зочин хойморт өөрийн болоод өвөг дээдсийнхээ үүх, түүх амжилтын товчоон, удамт хурдан хүлгүүд, уяаны арга барилынхаа талаар хуваалцсан 90 эрхмийн нэг болж Төв аймгийн Баян сумын уугуул, “Баатрууд тэнгэр” ХК-ийн захирал дөрвөн үеийн удамт уяач Хэнгэрэгийн Цогтсайхан тухлан саатлаа. Тэрээр одоогоос  дөрвөн жилийн өмнө Тод магнай сэтгүүлийн 13 дахь дугаарын зочноор уригдан оролцож төрийн наадамд дөрвөн үеэрээ морь түрүүлгэсэн бахдам түүхийнхээ талаар хуучилж байжээ.
Хатан ухаанаараа өрх гэрийнхээ амьдралыг тэгш сайхан авч явж, жилийн дөрвөн улирлын турш гадаа гандаж, хөдөө хөхөрдөг уяачдын ар талыг дааж явдаг гэр гийгүүлэгчдийг нь бид “Хатан гоо” буландаа урьдаг билээ. Энэ удаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн гэргий Жигжидсүрэнгийн Сандагдуламыг онцолсон юм.
“Уралдаан” буланд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдааны тухай, мөн түрүүлж айрагдсан болон эхний 20 хурдан хүлгийг танилцуулж байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” булангийн зочид та бүхний хүсэн хүлээсэн хүмүүс байж мэднэ.
“Хийморилог зочин” буланд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Авто стандарт” группын захирал Түргэнтөрийн Ганболд уригдан оролцлоо.
“Эмч зөвлөж байна” буланд уламжлал ёсоор “Жонон” мал эмнэлгийн захирал, малын их эмч М.Мөнхбаатар зөвлөжээ. Тэрээр энэ удаа Бөөр, давсагны эмгэг буюу чулуужилтын тухайд зөвлөсөн байна. Энэ талаар 70 дугаар хуудаснаас уншаарай.
Эрхэм уншигч та бүхэн сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг “Интер” номын салбар дэлгүүрүүд болон “Тод магнай” сэтгүүлийн редакциас худалдан авах боломжтой.
Биднийг сонгон хамт байдаг эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна