Хүүхдийн эрхийн хороо зөвлөмж хүргүүлжээ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 06 -нд

Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд “Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тавдугаар тайлан”-г  тайлагнасан. Хүүхдийн эрхийн хорооноос энэ тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмждөө “... хүүхдүүд хөдөө аж ахуй, уул уурхай, морин уралдаан зэрэг аюултай, хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлсээр байгаад сэтгэл маш их зовниж байна.  Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон хэдий ч өвөл, хаврын хурдан морины уралдаан  зохион байгуулагдаж байгаад туйлын харамсч” байгааг дурдсан.
Мөн морины эзэд, уяачдын зүгээс учруулсан бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх, сургууль завсардах, гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлд уралдаанч хүүхдүүд өртсөөр байгааг дурдаад  дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
a) Хурдан морины уралдаанд оролцож байгаад хүндээр гэмтсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдэд хариуцлага ноогдуулах; 
b) Хурдан морины уралдаан гэх мэт аюултай,  хортой хүүхдийн хөдөлмөрт хүүхдийг оролцуулдаг бизнес эрхлэж буй төрийн албан хаагчдын хувийн болон албаны ашиг сонирхлын зөрчил гаргаж буй үйлдэлд арга хэмжээ авах, ийм үйлдэл гаргуулахгүй байхад чиглэсэн хээл хахуулийн эсрэг арга хэмжээнүүдийг авахыг тус тус зөвлөсөн.
Хэдийгээр манай улсын уламжлалт наадам төдийгүй спорт болон хөгжиж байгаа ч хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хөндөхгүй байх хэрэгтэй. Үүний тулд бид зөв гарцыг тодорхойлж,  хамтдаа хэлэлцэж, хүүхдээ хамгаалах, эрүүл зөв хүн болж  төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
ГБХЗХГ-ын  Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна