А.НАРАНБААТАР ХӨДӨӨГИЙН СУМДАД АДУУНЫ КЛИНИКИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 08 -нд

Малын их эмч А.Наранбаатар Говь-Алтай болон Сүхбаатар аймгийн сумдад адууны клиникийн тусламж үйлчилгээ үзүүлээд иржээ.
Энэхүү тусламж үйлчилгээний үeэр малчид, уяачид аймаг, бүсийн уралдаануудад амжилт үзүүлчихсэн, цаашид илүү амжилт гаргах найдлага бүхий морьдоо авч ирж, үзүүлж, гэмтэл бэртлийг нь оношлуулан, эмчлэх аргуудыг заалгасан байна. Малын их эмч А.Наранбаатар энэхүү ажлынхаа явц болоод үр дүнг “Сайн адуугаар зөв, эмгэггүй уралдаад, улмаар худалдан борлуулах сонирхол уяачдад их байдаг. Энэ ч утгаараа үзлэгт тогтмол хамрагдаж, олон зүйлийг мэдэж авсан байх гэж бодож байна. Бид ч бас хүмүүст зөв мэдээлэл, зөв ойлголт өгч, уламжлалт ханаж хатгах аргаас өөр оношилгооны технологиуд болон төхөөрөмжүүдийг ашиглан, эмчилгээ хийх аргуудыг танилцуулан сурталчиллаа. Мөн мориныхоо хөлийн гэмтлийг мэдэж авахаас гадна хурдан адуу худалдаж авахдаа өөрөө үзээд, мэдчихэж болох аргуудыг хэлж өглөө. Үүнийг бид бас худалдаж байгаа болон худалдан авч байгаа аль аль талдаа хохиролгүй бизнесийн зөв шийдэл гэж харж байгаа” гэж тун товчхон дүгнэн ярилаа.
Тэрбээр үзлэгийн үeэр хөлийн болоод өнчин ясны гэмтэл элбэг тохиолдож байсныг дурдаад “Судалгаанаас харахад хурдан адуунд тохиолдох эмгэгийн 70 хувь нь хөлийн гэмтэл байдаг. Тэр дундаа 70-80 хувь нь зөөлөн эд буюу шөрмөс, шандасны гэмтэл байдаг. Үүнээс шөрмөс, шандасны гэмтэл нь эдгэрэлт удаан бөгөөд цаг хугацаа их шаарддаг, эхний 72 цагт авсан арга хэмжээнээс дараагийн эдгэрэлт, бороололтын байдал ихээхэн шалтгаалдаг” гэдгийг онцоллоо. Түүнчлэн адууны шандас бэхлэгддэг тулгуур яс буюу өнчин яс тун амархан гэмтдэг бөгөөд энэ төрлийн гэмтлийг зөвхөн рентген буюу ясны зураг авдаг аппаратаар оношилдог аж. Энэ ч утгаараа малчид, уяачид энгийн нөхцөлд харж, бариад мэдэх боломжгүйн зэрэгцээ монгол адуу өөрөө тэвчээртэй амьтан тул бага зэргийн гэмтлийг тэсээд, тэвчээд яваад байдгийг анхаарах хэрэгтэйг ч сануулсан юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна