"УЯАЧИЙН ӨВРИЙН НОМ" ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 11 -нд

Мориор дамжсан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Тод магнай” сэтгүүл арваад жил уншигч түмнээ учран золгож буй. Мэдээллийн өргөн агууламжтай тус сэтгүүл “Уяач зөвлөж байна”, “Эмч зөвлөж байна”, “Уяаны эрдэм” зэрэг танин мэдэхүйн тогтмол булангуудаараа дамжуулан залуу уяач, хурдан морь сонирхогчдодоо зориулсан зөвлөмж, зөвлөгөөг хүргэсээр ирсэн билээ. ММСУХ уяачдаа бүртгэлжүүлэх ажлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 20 жилийн ойгоор Монгол улсын хэмжээнд морь уях их хэрэгт шамдан, төр түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэдэг 100.000 гаруй уяач байдаг хэмээн зарласан билээ. Дээрх тоон үзүүлэлтийн талаас илүү буюу ихэнх нь эхлэн суралцагч залуу уяачид байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд “Тод магнай” сэтгүүл тэр эрхмүүдэд зориулан онол, практик хосолсон анхны гарын авлагыг бэлтгэн гаргаж буй нь энэ юм.
Уншигч таны өмнө дэлгээстэй буй “Уяачийн өврийн ном” “Тод магнай” сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмж, зөвлөгөөний эмхэтгэл үргэлжлэл бөгөөд хурдан хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлэх үйлсэд 15 буюу түүнээс дээш жил хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасан Тод манлай, Манлай цолтой 11 уяач өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан зургаан насны морьдын болон  зун, өвлийн уяаны онцлогийн талаар зөвлөжээ. Түүнчлэн малын их эмч нар адуунд давамгай тохиолддог өвчин эмгэгүүдийн үүсэх шалтгаан нөхцөл, илрэх шинж тэмдэг, эмчлэх хийгээд урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх зөвлөмжийг хүргэсэн байгаа. Уншигч та бүхэн энэхүү бүлгээс мал, тэр дундаа адуунд давамгай тохиолддог халдварт, халдварт бус, догол гэсэн гурван төрлийн 20-иод эмгэгийн талаарх анхан шатны мэдээллийг авах боломжтой. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн байдаг гэдэгчлэн сайн уяач, сайн засалч байх хэрэгтэй гэдэг тул ийм зөвлөмжийг хүргэж буй юм.
Номын гуравдугаар бүлгээс ХААИС-ийн багш, эрдэмтэд үржил, селекци, эрлийзжүүлэг болон нэмэлт тэжээл арчилгаатай холбоотой сэдвээр хэрхэн зөвлөснийг унших боломжтой. Адууныхаа чанар чансааг сайжруулж, хурдлах чадварыг нэмэгдүүлэхээр зорьж, дор бүрнээ үржил селекцийн ажил хийж буй эрхэм уяачид, морь сонирхогчид та бүхэн энэ бүлгийг анхааралтай уншаарай хэмээн зөвлөх байна. Энэхүү өврийн номыг залуу уяач та бүхнээс ирсэн түгээмэл асуултанд тулгуурлан эмхтгэсэн учир өдөр тутмын гарын авлага болж чадна хэмээн итгэнэм.

Уншигч та бүхэн "Уяачийн өврийн ном"-оо Редакцийн 9401-2992, 9406-2992, 94042992, 9509-2992 дугаарын утсанд холбогдож авна уу.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна