Залуу уяачдын холбоо шинэ жилээ Хэнтий аймагт зохион байгуулав

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 21 -нд

Монгол эх орны 20 аймагт салбар холбоотой үндэсний хэмжээний залуу уяачдын холбооны 2017 оны шилдэг холбоогоор Хэнтий аймаг дахь салбар холбоо шалгарч, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаагаа тус аймагт ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Дэд ерөнхийлөгч Н.Батбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан, Хяналтын зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш, ММСЗУХ-ны Хөвсгөл, Төв, Дорнод аймгийн салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нар оролцов.
Шинэ жилийн баяраараа Хэнтий аймгийн хэмжээнд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд
Шилдэг морины зүтгэлтэнээр: Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын Үндэсний Олимпийн хорооны шилдэг зүтгэлтэн Ж.Түмэн-Аюуш
Шилдэг залуу уяачаар: Баянхутаг сумын харьяат Л.Анхбаяр, н.Доржнамжим,
Хэрлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Застав, М.Дарьхүү, Бор-Өндөр сумын уугуул Б.Бат-Өлзий нар
Шилдэг уралдаанчаар:
1. Хэрлэн сумын сурагч Х.Жандос,
2. Галшар сумын сурагч А.Билгүүнбаатар,
3. Баянхутаг сумын сурагч Д.Норовсамбуу нар 
Шилдэг хүлгээр:
1. Баянхутаг сумын уугуул Л.Анхбаярын бор хязаалан /Зүүн бүсийн түрүү, Хэрлэн сумын 190 жилийн ойн аман хүзүү /
2. Дадал сумын харьяат н.Батжаргалын хээр /Говийн бүсийн айргийн гурав, Дундговь аймгийн баруун бүсийн түрүү /
3. Хэрлэн сумын уугуул н.Болдбаатрын Ёндоо халзан шүдлэн /Хэнтий аймгийн баяр наадмын түрүү, “Жавхлант шарга” хаврын бүсийн уралдааны түрүү, Хэрлэн сумын 190 жилийн ойн түрүү, Жаргалтхааны бүсийн аман хүзүү, нийт аймгийн зэрэглэлтэй уралдааны 3 түрүү, 1 аманхүзүү/ шалгарч Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэрэмжит шагналуудын эзэд болцгоолоо. Дашрамд дурдахад, Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь уламжлалт хурдан морины уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүд болон алдар цуутай хурдан хүлгийн эздэд "Шилдэг морины зүтгэлтэн”, авьяас билэгт залуу уяачдад "Шилдэг залуу уяач", адтай одтой уралдаанч хүүхдүүдэд "Шилдэг хүлэгч хүүхэд" зэрэг нэрэмжит шагналыг энэ жилээс олгож байгаа юм. Ийнхүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд залуучуудынхаа төлөө, тэр дундаа малчид, уяачдынхаа төлөө хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээлээрээ бахархан нэгэн үдшийг залуу уяачид маань тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

ММСЗУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна