Хүйтний улиралд 12-оос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 26 -нд

Шадар сайд Ө.Энхтүвшин өвөл, хаврын улиралд морины уралдаан зохион байгуулах асуудлыг зогсоох талаар ярьж байсан ч Засгийн газар шийдвэрээ өөрчилжээ.  Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодрууллаа.
-Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэсэн ч хэд хэдэн удаа хойшилсон.  Энэ асуудал юу болсон бэ?
-Шадар сайдын хүрээнд шийдвэр гарсан. Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн. 
-Морин уралдааныг хорихгүйгээр өөр зохицуулалт хийж байгаа гэж ойлгож болох уу?
-Хурдан морины унаач хүүхдүүд ихэвчлэн 6-7 настай хүүхдүүд байдаг. Тиймээс өвөл, хаврын улиралд уралдаан зохион байгуулахдаа 12-оос дээш насны хүүхэд морь унах нь зөв гэж үзсэн. Хүлээн зөвшөөрсөн насны хүүхдүүдэд морь унахыг зөвшөөрч, морин уралдааныг зохион байгуулахаар шийдвэр гаргасан гэсэн үг.
-Засгийн газрын сайд нар уяачдын холбооны лоббид автаж, уралдааныг цуцлах шийдвэрээсээ буцлаа гэх шүүмжлэл олон нийтийн дунд гарч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хүмүүс янз бүрээр шүүмжилж болно. Ямар ч байсан өвөл, хавар буюу хүйтний улиралд зохион байгуулдаг уралдааныг зохицуулах гэж оролдсон. Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны бус, 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа. Уралдаан зохион байгуулахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт тавих боломжийг нь бүрдүүлсэн. Цаашид үе шаттайгаар шийдвэр гаргаад явах нь зөв гэж үзсэн.
Ш.ЧИМЭГ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна