Нийслэлийн Алдарт уяач цолоор 10 хүн шагнагджээ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 31 -нд

Нийслэлээр овоглодог уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд жил бүрийн нэгдүгээр сарын 25-нийг хөөр хөгжөөн дүүрэн өнгөрүүлдэг уламжлалтай. Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн цагаас хойш уламжлал болгон зохиогдож буй “Нийслэлийн уяачийн өдөр”-ийг  өнөө жил Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “НИЙСЛЭЛ УЛААНБААТАРЫН МАГТААЛ”-аар эхлүүлсэн нь тун чиг соньхон байлаа. Хуурын эгшиг, хүндэтгэлийн магтаалыг залган холбооны тэргүүн М.Мөнхбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар тайзнаа заларч, ирсэн зочдынхоо амар мэндийг айлтган мэндчилж, улиран одогч 2017 оныхоо амжилт бүтээлийг цухасхан дурьдан,  сайн сайхан бүхнийг хурайлан дуудсан юм.
Үүний дараа Р.Бат-эрдэнийн хөгжим “АЙСУЙ ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН”-өөр ирсэн зочдын сэтгэлийг хөвсөлзүүлж, эгшгийн хөг алдрахаас урьтан Монголын уламжлалт хурдан морины уралдаанд арга ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан уралдаан наадамд уясан хүлгээ хурдлуулсан уяачдад цол гардуулж амжсан билээ. Энэ өдөр Чимэддоржийн Хишигбаатар, Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Ядамсүрэнгийн Батжаргал,  Цэнддоогийн Чимэддорж, Цэрэн-Очирын Эрдэнээ, Нанзаддоржийн Мөнхбаясгалан,  Батхүүгийн Атарбаяр,  Цагдаагийн Нямжав,  Түмэн-Өлзийгийн Бат-Өлзий, Сүхбаатарын Ганхуяг нарын 10 уяач Нийслэлийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн боллоо.
НМСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна