Сумын Алдарт уяач Д.Хайдав: Нэгэн үе хурдан хүрэн азаргаараа одтой наадсан

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 07 -нд

Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсоор 15 жилийн нүүрийг үзэж байгаа тэрээр “Аав, өвөө нар бол морь уяж байгаагүй, бичиг номын улс л даа. Харин ээжийн талд морь сайхан уядаг, жороо морьтой, унаж сургадаг хүмүүс байсан. Миний ээжийн ах Доржхорол гэж олон сайхан шарга адуутай нэгэн явлаа. Энэ Жаргалантынхан бүгдээрээ мэднэ дээ. Ах морь сайхан уургалдаг, моринд явдал оруулдаг, хэдэн сайхан жороотой, ойрын хэдэн сумын наадмуудад жороо морь байнга айрагдуулж, түрүүлгэдэг, адуунд эрэмгий сайхан хүн байлаа” хэмээн ярьж байна. Энд нэмэхэд Доржготовын  Хайдав нь Бадрал V багийн харьяат, сумын Алдарт уяач бөгөөд Жаргалант бригадын төвд төрсөн. 

-Хэдэн онд сумын Алдарт уяач болж байсан бэ?
-Би чинь 2004 оноос хойш морь уяж байна. Түүнээс 10 жилийн дараа буюу 2014 онд сумын Алдарт уяач цолыг авсан. Сумын болон жижиг наадмуудын 20 гаруй айраг, түрүүтэй. Морь уясан эхний дөрвөн жилд суралцсан. Түүнээс хойш уясан морьд маань айрагдаж, түрүүлж эхлэхэд урам ч их орсон. Тодруулбал, 2010 оноос аймгийн Алдарт уяач Эрдэнэчимэг гэдэг хүн дээр морьдоо уях болж, олон ч айраг, түрүү хүртсэн дээ. Би чинь нэгэн үе хурдан хүрэн азаргаараа сайхан наадсан. Сумынхаа наадамд хүрэн азаргаа гурваар давхиулж анхны айргаа хүртсэн юм. Одоо хөөрхий нас нь харьсан л даа. Эцгийн амжилтыг залган төлүүд нь хурдалж байна. 
-Та 2014 оноос хойш хичнээн айраг түрүүтэй болов?

-Сумын наадмын дөрвөн айраг авсан. Аймагт 10 дотор хоёр давхиуллаа. Бага наадмуудаас олон айраг түрүү хүртсээн. 10 гаруй юм болсон байх шүү. 
-Хүрэн азарга тань хаанахын адуу юм бэ?
-Эх тал нь Дорнод аймгийн Матад сумын харьяат “сахал” Даш гэж сайхан хүний адууны угшилтай. “Хөнхөр” Төмөрбаатар гэдэг хүний унаган адууг манай эндхийн Идэрцогт гэж хүн надад 2007 онд соёолон үрээ авчирч өгсөн юм. Би дараа жил нь хавчиг азарга уяад сумандаа айрагдуулж, залгаад 2009, 2010 онуудад ч дарааллан айрагдуулсан. 2010 ондоо шүтээний нэг жилийн ойд түрүүлж, аймгийн зүүн талд Дөлгөөн хайрханы тахилга наадмын дараа том уралдаан боллоо. Тэнд аймгийн айргийн таван азарга, дээр нь сумдад түрүүлж, айрагдсан азарганууд гээд 100-гаад шахуу хурдан буянгууд мордож, түрүүлсэн. Дараа нь “Төрийн түмэн эх хүлгүүд” даншиг наадамд хүрэн азарганы төл манай дүүгийн шүдлэн хүрэн үрээ бас түрүүлсэн. Түүнээс хойш би азарга нэг их аваагүй. Харин гүү бол Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос нэлээн авсан. Тэгээд одоо төлүүдээр нь наадаж байна. 


-Соёолон хүртлээ уягдсан  байв уу?
-Матаддаа хязаалан уягдаад, сумандаа нэг айрагдсан үрээ авч байсан. 
-Төл хүрэн шүдлэн нь дараа нь яаж давхисан бэ?
-Эрдэнэчимэгийн Баянмөнх дүүгийн маань энэ үрээ аймгийн наадамд айрагдаад, Булганы Бүрэгхангайн ойд түрүүлсэн. Хязаалан хүртлээ 20 гаруй айрагдаж, түрүүлсэн. Одоо надад хүрэнгийн төл 5-6 үрээ бий. Манай дүү нарт маань ч байна. 
-Тэр хүрэн үрээний дараа ямар адуугаар наадаж байв?

-Одоо азарга болсон, зээрд халзан үрээ даагандаа даншиг наадамд эрлийзүүдтэй уралдаж 11-ээр давхисан. Тэгэхэд ялгадаггүй байсан үе л дээ. “Төрийн түмэн эх хүлгүүд” наадамд манай сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Баатарын Даваадорж гэж залуугийн хээр морь түрүүлж, Даншиг хээр хөшөөгөө босгуулсан. Тэгэхэд унаган шүдлэнгээ түрүүлгэж, даага 11-ээр давхисан юм. Энэ чинь соёолон хүртлээ ойрын 2-3 суманд айрагдсан. Бас л 10 гаруй айрагтай. 
-Хүрэн азарганы төлүүд танай галынханд бий юу?
-Бий, бий. Лувсанцэрэнгийн Баярсайхан гээд бөхийн холбооны тэргүүн залууд нэг, манай дүү Баярсайханд 2-3 үрээ бий. Манай гал чинь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Санаа сэтгэл нийлсэн сайхан хүмүүс байдаг юм. Манай ах, аймгийн Алдарт уяач Пүрэвжав, сумын Алдарт уяач Баярсайхан, Дагва-Ёндон гээд ах дүү нар маань морьдын уяа сойлгыг эвлүүлж өгч байна даа.
-Таны нэрийг гаргаж хурдалсан өөр ямар адуунууд байна вэ?
-Хүрэнгийн төл хүрэн даага байна. Тэр гурав уралдаж, гурав түрүүлсэн. Одоо соёолон үрээ, азарга болгоно гээд хадгалаад л байна. 
-Ер нь хүрэн азарганы төлүүдээр нааддаг юм байна, тийм ээ?

-Тийм ээ, хүрэн азарганыхаа төлүүдээр л нааддаг. Гэхдээ мэр сэрхэн морьд авна аа. Одоогоор Хэнтий, Сүхбаатараас авсан адуунууд хүрэнгийн хэрийн амжилт үзүүлээгүй л байна. Одоо ч хүн бүр адуундаа цус оруулдаг болж. Эрдэнэтээс нэг дүүгээсээ арабын 25 хувьтай үрээ авч, энэ жил тамир дутуу орсон болохоор уясангүй. 
-Ингэхэд танайханд уяач олон байна уу?

-Манай галын уяачдын 50 хувь шахуу нь миний цусан төрлийн ах дүү нар байгаа юм. Аав, өвөө нар бол морь уяж байгаагүй, бичиг номын улс л даа. Харин ээжийн талд морь сайхан уядаг, жороо морьтой, унаж сургадаг хүмүүс байсан. Миний ээжийн ах Доржхорол гэж олон сайхан шарга адуутай нэгэн явлаа. Энэ Жаргалантынхан бүгдээрээ мэднэ дээ. Ах морь сайхан уургалдаг, моринд явдал оруулдаг, хэдэн сайхан жороотой, ойрын хэдэн сумын наадмуудад жороо морь байнга айрагдуулж, түрүүлгэдэг, адуунд эрэмгий сайхан хүн байлаа. Бид хүүхэд байхдаа Уулзвар, Ягаан толгой хавиар зусдаг ахындаа очиж, тэдний гүүн зэлэн дээр даага, шүдлэнтэй л ноцолдож өдрийг барна. Ингэж эдний хэц, зэлэн дээр өссөнийх бид бүгд л адуунд сонирхолтой болж, үе залган морь уяж байна даа.

-Таны хүүхдүүд бас моринд дуртай юу?
-Манай хоёр бандийн том нь жил морь унаад хасагдсан. Одоо ах нарынхаа ажилд туслаад уяан дээр л явна. 
-Хайдав уяачийн хувьд хамгийн баяр бахдал дүүрэн сайхан наадам хэзээ тохиож байв?

-Морины шүтээний нэг жилийн ойд тэр үедээ Өвөрхангай аймагт ноёлж байсан Санчирын Ноён хээр, Томааширын халзан, Бямбасүрэнгийн хоёр хул, зээрд, Давааноров ахын Дөл саарал, Отгоннасангийн хонгор, Самданжигмэд гуайн хонгор гээд аймгийн туг азарганууд ирсэн байлаа. Тэгсэн манай уяач ах азарга гарч байхад “Би эд нарын нүдэн дээр нь хэлье. За өнөөдөр хүрэн азарга түрүүлнэ ээ, дүү” гэдэг юм. Би ч “Болохгүй ээ” гээд ахыгаа нудраад байгаа юм. Тэгтэл яг л хэлсэн ёсоор нь түрүүлсэн дээ. Тэр миний сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадам. Мэддэг хүн бол мэддэг л юм билээ. Аймаг, улсын бүсийн айрагтай олон сайхан азарга ирчихсэн байхад түмний нүдэн дээр тэгж хэлээд л мордуулаад түрүүлгэсэн онцгой авьяастай, мэдэрдэг, сайн уяач байсан. Би Эрдэнэчимэг ахыгаа морь уях, ярих болгондоо тэр наадмыг дурсахгүй байж чаддаггүй. Үнэхээр мундаг. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.