Г.Мөнхсайханы халтар

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

“Өмнөговь-2012” говийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлсэн Г.Мөнхсайханы халтар азаргыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэндээ танилцуулъя. Халтар азарга Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Төмөрийн унаган адуу. Өнгөрсөн жил соёолондоо орон нутгийн чанартай хоёр ч наадамд түрүүлээд байхад нь Г.Мөнхсайхан Т.Батзориг уяачаараа шинжүүлэн өөрийн болгосон гэдэг. Бага насандаа уягдаагүй халтар азарга “Уулс трейд” компанийн захирал Т.Галбадрахын соёолондоо улсад айрагдсан ногоон морь хоёр нэг азарганы төлүүд. Харин эх нь Төмөр гуайн унаган хүрэн зээрд гүү байдаг аж.
Халтар азарга шинийн гуравны 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаанд зургаад хурдалсан бөгөөд Дүнжингаравт уралдг?й ийнхүү “Өмнөговь-2012”-т магнайдаа тоосгүй түрүүлж буй нь энэ юм.
Бүсийн наадмын түрүү халтар азарганы эзэн Г.Мөнхсайханг морь сонирхогчид эчнээ таних биз. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын у?гуул тэрээр хурлан морь сонирхох болсоор багагүй хугацаа өнгөрч буй. “Дорнын унага” гал уяаны гишүүн. Сүүлийн 5-6 жил Т.Батзориг Алдарттай нийлэн морь уяж байгаа. Түүний нэртэй хурдан хүлгэд 2009 оноос эхлэн томоохон наадмуудад айрагдах болсон бөгөөд “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд хээр даага нь аман хүзүүнд хурдалж байсан билээ. /Г.Тэмүүлэнгийн хар даага түрүүлж байсан./
Г.Мөнхсайханы ах  Г.Мөнхбат  ч гэсэн моринд дуртай нэгэн бөгөөд 2009 оны улсын баяр наадамд бор даагаа аман хүзүүдүүлж, /Э. Тамирын “Ардчилал” хэмээх хүрэн даага түрүүлж байсан/ давхар уяагаар “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхиулж байсныг  хурдан моринд шимтэгч эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ. 
Халтар азарганы уяа сойлгыг тааруулсан аймгийн Алдарт уяач Т.Батзориг сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй цөөн уяачийн нэг. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бор шүдлэнгээ наймаар, хүрэн хязаалангаа есөөр давхиулж байсан тэрээр Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн бүсийн наадамд хүрэн хязаалангаа айргийн дөрвөөр давхиулж том наадмын өм нээгдэж байсан билээ. Тэр жилээ Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд” бүсийн наадамд Т.Батзориг уяачийн уяж сойсон бор шүдлэн нь  зургаалж, харин Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон даншиг наадамд хүрэн хязаалан нь аман хүзүүнд  хурдалж байсан. Өнгөрсөн жилийн “Ирээдүйн түмэн эх”-ийн эзэн Т.Батзориг уяачийн хувьд бага адууны уяаг илүүтэй тааруулдаг онцлогтой бөгөөд  2008 оны улсын баяр наадамд эрлийзүүдтэй уралдан айрагдсан Нэргүйбаатарын саарал даагыг уяж байсныг та бүхэн санаж буй бизээ. Эрлийз арабуудыг дийлсэн энэ цагийн цөөн хүлгэдийн нэгээр тодорч монгол түмнээ омогшуулж байсан саарал даага давхар уяагаар Алтан-Овооны төрийн тахилга наадамд аман хүзүүдэн бахтай сайхан наадаж байсан. Ийнхүү гурван жил дараалан улсын наадамд сөөнгө даага айрагдуулж буй Т.Батзориг  уяач одоогийн байдлаар улс бүсийн наадмаас 25 түрүү айраг хүртээд буй юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна